Буцах

Гар урлал

Сайн бүтээгдэхүүн хийхийн тулд чанартай түүхий эд хэрэгтэй

Өөрт хэрэгцээтэй бүхнээ төслийн үйлчилгээнээс авч чаддаг

  Отгонбаяр хэмээх бүсгүй ам бүл 4-үүлээ, УБ хотын СХД-т амьдардаг. Гэр бүлийн хамт эсгий урлалын үйлдвэрлэлээ явуулсаар өдгөө 6 дахь жилдээ ажиллаж байгаа аж.   Гэрт нь ороход дүү нь бойтог илээд /бойтог хийх/, нөхөр нь бойтогны улыг эсгээд, зүүн талд ноос өлгөөтэй, баруун талаар зулах хэсэг, хойморт вандан зассан зэргээр ажил ундарсан завгүй байв. Энэ бол ГЭР Санаачлага төслийн шугамаар орж ирсэн 66 ширхэг бойтог хийх захиалга аж. Отгонбаяр гэдэг энэ залуухан бүсгүй ГЭР Санаачлага төсөлтэй 2005 оны 7-р сард анх холбогдож, харилцагч болсон түүхтэй.

  Бизнес эрхэлж байгаа, түүнийгээ өргөжүүлэхээр зорьж байдаг хэн бүхэнд бизнесийн орчинд болж буй мэдээлэл, зөвлөгөө юу юунаас илүү хэрэгтэй. Үүнийг Отгонбаяр ажил хэрэг болгож чадсан бөгөөд төслийн зөвлөхүүдтэй санаа бодлоо чөлөөтэй солилцож гар урлал, эсгий, арьсан эдлэл үйлдвэрлэгчидтэй уулзах уулзалт зохион байгуулснаар өөрийн бэлэг дурсгалын лангууг төрөл бүрийн бараатай болгосон амжилттай. Мөн тэрээр байнгын худалдан авагчтай болсон ба лангуун дээрх бараа бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгчдийн анхны үнээр буюу хямд байдаг. Мэдээж үүнийг дагаж борлуулалт нь ч нэмэгдсэн. Тэрхүү уулзалтын үр дүнд тэрээр бусад төрлийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийдэг хүмүүстэй танил болж, ажил төрлийн холбоо тогтоосон байна. Заримдаа их хэмжээгээр захиалга ирэх үе ч бий. Ийм чухал үед тэрээр ажилчин хайж цаг алддаггүй. ГЭР Санаачлага төсөлд ажилтан зуучлах үйлчилгээ байдаг нь энэ асуудлыг хялбархан зохицуулчихдаг.
  Түүнчлэн тэрээр санхүү мөнгөний бүртгэл хөтлөлтийн ач холбогдлыг сайтар ойлгон бизнесийнхээ зардал, орлого зэрэгт хяналт тавин, нэгж бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж чаддаг болсноос гадна ашиг орлогоо зөв тодорхойлж сурсан байна. Гэвч бас ажилчид авч ажиллуулна гэдэг яггүй, ур чадвар, мэдлэг сорьсон зүйл гэдгийг мэдэрсний үндсэн дээр хуулийн сургалтанд хүртэл хамрагджээ. Энэ мэтээр Отгонбаяр өөрт хэрэгцээтэй бүхнээ төслийн үйлчилгээнээс авч чаддаг, түүнийгээ ажил хэрэг болгодог нь түүний авууштай чанар юм.
  “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдгийн адил сайн уран бүтээл гаргах, бүтээгдэхүүн хийхэд чанартай түүхий эдийн нөөц байх нь зүйн хэрэг. Төслийн зээлийн зуучлалаар авсан зээл зун, өвлийн турш бүтээгдэхүүнээ хийхэд хүрэлцэхүйц түүхий эд татахад нь түлхэц болсон байна. Хүний биед харшилгүй экологийн цэвэр материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүгээрээ ахуй амьдралаа өөд нь татаж, ашиг шимийг нь үзэж яваа энэхүү залуухан бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй. Тэрээр ГЭР Санаачлага төслийн бизнес холболтын үйлчилгээнд тогтмол хамрагддаг бөгөөд эсгий урлал хийдэг шилдэг харилцагчдын нэг юм.
  Отгонбаяр болон түүний нөхөр Адилбиш нар “Бидэнд хэдийгээр олон найз нөхөд бий ч гэлээ өөрийн бизнесээ хөөгөөд явахаар мэдээллээс хоцрох юм. ГЭР Санаачлага төслийн хамт олон энэ тал дээр бидэнд их түшиг болдог. Тэд жижиг дунд бизнесийн халуун цэг дээр нь ажилладаг болохоор бүх мэдээлэл, зөвлөгөө, сургалтууд нь бэлэн, авахад урамтай. Үүнийг бид зөв ашиглаж чадвал зорьсондоо хүрч болно” хэмээн чин сэтгэлээсээ хэлсэн юм. Биднийг ийн ярилцах зуур Отгонбаяр зүгээр суусангүй, зулсан бойтгоо угааж дуусгаад, хивэнд хийхэд бэлэн болгосон байлаа. “ҮЖИ” брэндийн бойтог шошгоо зүүхэд бэлэн болсон нь энэ. Экспортын бүтээгдэхүүн болоход ч “ҮЖИ” брэндийн бүтээгдэхүүн бэлэн болжээ.

Харилцагчийн хэлсэн үг: 
“ГЭР Санаачлага төсөл жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг явуулдаг. Төслийн дэмжлэгтэйгээр бизнес маань улам өргөжин сайжирч байна. Цаашид тус төсөлтэй илүү ойр дотно хамтран ажиллахаар төлөвлөж байна”.

mnMN