Буцах

Гар урлал

Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам олшруулна

Бүлгийн орлогоо нэмэгдүүлэн, хуримтлал хийдэг

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын оршин суугч Ш.Энхтуяа нь анх гэртээ сүлжмэл эдлэл, захиалгат хувцас болон эсгий эдлэл хийдэг байсан ба 2006 оны 9-р сарын 8-нд ГЭР Санаачлага төслийн талаар найзаасаа мэдсэнээр очиж уулзан харилцагчаар бүртгүүлжээ.

  Ингээд төслөөс зохион байгуулсан өөрт хэрэгтэй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох болсон байна. Төслөөс зохион байгуулагдсан бизнесийн сургалтуудад сууж, өөрийн хамтрагчаа олох зорилгоор төсөлтэй хамтран “Сүлжмэл эдлэлийн сургалт”-ыг гурван ч удаа зохион байгуулжээ.

   Үүний үр дүнд хамтран ажиллах хүмүүсээ олж авсан ба ГЭР Санаачлага төслийн бүлгийн сургалтанд сууж, хэрхэн бизнесийн бүлэг болон ажиллах талаар тодорхой ойлголттой болжээ. Ингээд бусад хүмүүсийн хамтаар 2007 оны 4-р сарын 1-нд “Чандмань-Эрдэнэ” бүлгээ байгуулжээ. Үүний дараа ГЭР Санаачлага төслийн сайн дурын ажилтан, Энхтайваны корпусын ажилтан Кейдитэй уулзалт зохион байгуулсан ба “Дэлхийн Энхтайваны корпус”-ын буцалтгүй тусламжаар 2 оёдлын машин, 1 хэрээсний машин авсан байна. Бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй болон сонсголын бэрхшээлтэй иргэд дийлэнх хувийг эзэлдэг. 2009 оны 2-р сарын 11-ний байдлаар “Чандмань-Эрдэнэ” бүлэг 12 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус бүлгийнхэн 2008 оны 9-р сард Хас банкнаас 1.000.000 төгрөгийн зээлийг төслөөр зуучлуулан авч эргэлтийн хөрөнгөө болон бүлгийн орлогоо нэмэгдүүлснээс гадна хуримтлал бий болгож бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулсан.

   Одоо бүлгийн гишүүд эсгий эдлэл, сүлжмэл эдлэл, шүрээр төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ захиалгаар хувцас засч, оёдог. Мөн зохион байгуулалтын тал дээр ч багагүй өөрчлөлт гарсан байна. Тэд бүлэг болж ажилласныхаа үр дүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулагдсан “Цагаан таягтны өдөрлөг”-т зориулж өөрсдийн бие даасан үзэсгэлэн гаргаж аймгийн ард иргэдэд бүтээлээ танилцуулсан, 2008 оны 10-р сард Улаанбаатар хотод болсон “Олон улсын хатагтай нарын нэрэмжит” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Чингис”  бүтээлээрээ  шагнал хүртсэн, мөн 2008 оны 12-р сард Улаанбаатар хотод “Бизнес инкубатор төв”-өөс зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцож “Оны шилдэг” шагналыг хүртсэн зэрэг маш олон амжилтыг үзүүлж чадсан юм.

   Одоо эдгээр уран үйлчин бүсгүйчүүд маань ГЭР Санаачлага төслөөс 2009 оны 2-р сарын 14, 15-нд Дархан хотод, 2009 оны 2-р сарын 21, 22-нд Сэлэнгэ аймагт тус тус зохион байгуулах Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа аж. Цаашлаад тэд төслийн зээлийн зуучлалын үйлчилгээнд дахин хамрагдаж, бизнесийн бүлгийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд төслийн зүгээс тэдний бизнесийг дэмжин хамтран ажиллаж бүтээгдэхүүн, үйлчилгээг нь бизнес холболтын үйлчилгээнд хамруулахаар зорьж ажиллаж байгаа ажээ.

mnMN