Буцах

Гар урлал

Бүлгийн гишүүд бизнесийн мэдлэгээ байнга дээшлүүлэхийг зорьдог

Тус бүлгийн бүтээгдэхүүн дүүргийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарчээ

   “Нарлаг” бүлэг нь 2005 оны 12-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба анх хамт олны банк буюу мөнгөн хуримтлал үүсгэх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Бүлгийн гишүүд нь ажилгүй, тодорхой орлогогүй, гэр хороололд оршин суудаг эмэгтэй голдуу гишүүд байдаг ба анх 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

   Тэд ГЭР Санаачлага төсөлтэй 2007 оны 5-р сараас эхлэн хамтарч ажиллаж эхэлсэн ба 2007 оны 6-р сард тус төслөөс дүүргийн ХХҮХ–тэй хамтран зохион байгуулсан эсгий гар урлалын сургалтанд бүлгийнхээ 2 гишүүнийг хамруулснаар бүлгийн үйл ажиллагаа өргөжих болон бизнес хэлбэрт шилжих анхны гараагаа эхлүүлсэн.

Тэд эсгий урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орлого олох хэлбэрт шилжих хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байсан боловч тоног төхөөрөмж авах зайлшгүй шаардлагатай байсан.

  Тухайн үед банкуудад бүлэгт зориулсан зээлийн үйлчилгээ байдаггүй байсан нь тэдэнд тоног төхөөрөмж авахад хүндрэл үүссэн ч төслийн дэмжлэгтэйгээр энэ бэрхшээлээ давж чаджээ. Тэд ГЭР Санаачлага төслийн ХНС-ийн бүлгийн зээлийн үйлчилгээнд хамрагдаж мөн төслийн Шархад салбарын харилцагчаас ноос самнах машин авснаар үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтой болсон ба 2007 оны 8-р сараас өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тэд төслийн Зээлийн болон Хэрэглээ ба Хуримтлал сургалтанд сууж, Бизнесээ амжилттай эрхлэх талаар зөвлөгөө авах зэргээр бизнесийн мэдлэгээ байнга дээшлүүлж ирсэн байна. Одоо бүлгийн үйл ажиллагаа өргөжиж, өөрийн гэсэн ажлын байртай болсноос гадна нийтдээ 30 орчим гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус бүлгийн гишүүд нэг хамт олон болж ажиллаж чаддаг ба ямар нэг арга хэмжээ, баяр ёслолыг байгууллагын хэмжээнд хамтран зохион байгуулдаг. Бүлгийн аль ч гишүүнтэй уулзсан “Хамт олонтой байна гэдэг сайхан юм” гэж хэлдэг. Үнэхээр ч “Олны хүч оломгүй далай” гэдгийг “Нарлаг” бүлгийн үйл ажиллагаанаас харж болно.
2008 оны Багануур дүүргийн Брэнд бүтээгдэхүүнээр “Нарлаг” бүлгийн эсгий бүтээгдэхүүн шалгарсан. “Нарлаг” бүлэг нь эсгий урлалаас гадна хамт олны банкны хэлбэрээр үйл ажиллагаагаа давхар явуулж бүлгийнхээ гишүүдэд зээл олгон ажиллаж байна. “Нарлаг” бүлэг 2009 онд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна .
1.Бүлгийнхээ гишүүдийг чадваржуулах
2.Ажиллах, амьдрах орчноо сайжруулах
3.Гишүүдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх
4.Олон нийтэд нөлөөлөх
5.Гишүүддээ зээл олгож, жижиг бизнес эрхлэх боломж бүрдүүлэх
6.Бүлгийн гишүүдээр төмс хүнсний ногоо тариалуулах

Харилцагчийн хэлсэн үг: 
“Нарлаг” бүлгийн ахлагч Мөнхтуяа: Бид төслийн дэмжлэгтэйгээр эсгий урлалын чиглэлээр бизнес эрхлэх болсондоо баяртай байдаг. Бүтээгдэхүүнийхээ чанарыг улам сайжруулж, илүү их үр дүнтэй хамтарч ажиллах болно”

mnMN