Буцах

Гар урлал

Төслийн дэмжлэг миний амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан

Хүн зорилгоо зөв тодорхойлбол амжилтанд хүрнэ

   Арлын Япон орны сүмд Монгол сийлбэрчин залуугийн Бурхан ухаанаар хийгдсэн бүтээлийг  сүсэгтэн ард түмэн дээдлэн шүтэж байгаа нь гайхалтай биш гэж үү?

   Б.Баярсайхан нь их сониучхан, бага байхын л  гарын дүйтэй, юмхнаар юм хийх хүсэлтэй  хүү байлаа. 1998-2001 онд Урлахуйн ухаан ардын урлалын сургуулийг төгсөн үргэлжлүүлэн 2002-2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж Зураач-Сийлбэрчин мэргэжлийг эзэмшсэн нь өөрийн мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх боломжийг нээсэн юм. Тэрээр оюутан байхаасаа л захиалгаар сийлбэр хийж, бизнесийн гараагаа эхэлжээ.

   Сонирхлын дагуу Энхбаатар  гэдэг залуутай нийлж, захиалга авч хамтран ажилласнаар мэдэхгүй зүйлээ нэгнээсээ сурах, захиалгаа хурдан шуурхай хийх гэх мэтчилэн боломж нь нэмэгдсээр байсан. Иймээс хамтран ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл авахаар 2005 онд ГЭР Санаачлага төсөлд хандаж дэлгэрэнгүй мэдээллийг бизнес зөвлөхөөс авчээ. Ингээд мөн сонирхол нэгтэй 1 найзтайгаа хамтран 3 гишүүнтэй “Эгц” бүлэг байгуулан ажиллаж эхэлсэн байна. Ингэж хамтаараа бүлэг болон бизнесээ эрхлэх нь бизнест тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа шийдэх, захиалгаа хурдан шуурхай хийж гүйцэтгэх гээд ер нь их дэвшилттэй байж, урам зориг орон ажилласаар ирсэн. 
   2005 онд өрх гэр тусгаарлан, өөрийн гэсэн орон байр, ажлын байртай болохоор зориг шулуудсан. Тухайн үед өөрийн бодож байсанчлан 2 давхар байшингаа барьж дуусгах гэсэн боловч санхүүгийн бэрхшээлээс болж хугацаандаа дуусгаж чадаагүй. Иймээс банкны зээлэнд хамрагдахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө нь хангалтгүй шалтгаанаар зээл авах боломжгүй болоод байлаа. Энэ ч шалтгаанаар цаг хугацаа их алдаж, юу хийх яахаа мэдэхгүй явж байхдаа ГЭР Санаачлага төсөлд хандаж зээл олгох хүсэлтээ тавьжээ. Төслийн бизнес зөвлөх түүний   бизнест нь үнэлгээ хийж, ашиг орлогод нь үндэслэн төслийн зээлэнд хамруулж болох юм байна гэж үзээд 2007 оны  8-р сард 3 сая төгрөгийн зээл олгож, 2 давхар 8,5х 5,5 хэмжээтэй тоосгон байшингаа барьж дуусгахад нь тусалсан юм. Төлөвлөж байсанчлан тэрээр 1 давхартаа ажлын байраа оруулж бизнесээ өргөжүүлсээр байгаа юм.
   Түүний бүтээгдэхүүнийг нь үзэж сонирхохоор гэрт нь очиход зураач-сийлбэрчин хүний гэр гэсэн шиг их уран хийцтэй, дотоод засал нь зөв, модоор хийж болох бүх л зүйлсийг хийсэн нь бахархууштай байсныг дурдах нь зөв болов уу.
Одоогийн байдлаар Б.Баярсайхан Японы сүмийн сийлбэрийн ажлыг хийж байгаа. Энэ нь гадаад зах зээлд Монгол улсаа сурталчлахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй, түүний өөрийнх нь бизнес тогтвортой байх нөхцөл нь болж өгч байгаа юм.

Харилцагчийн хэлсэн үг:
Байшингаа дуусгаж чадахгүй, цаг хугацаа алдаж байхад надад итгэж зээл олгосон ГЭР Санаачлага төслийн хамт олонд баярлаж явдгаа хэлэхэд таатай байна. Та бүхний дэмжлэг миний амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

mnMN