Буцах

Гар урлал

Хөдөлмөрлөсөн хүн бүр амжилтад ойрхон байдаг

Бизнесийн бүлгээ хоршоо болгон өргөжүүлж ажиллаж байгаадаа баяртай байдаг
   2004 онд ГЭР Санаачлага төслийн Эрдэнэт хот дахь салбараас санаачлан гаргасан нэг шинэ ажлын нэг нь томоохон бизнес эрхлэгч компаниудтай хэрхэн хамтарч ажиллах талаар арга зам хайж эхэлсэн явдал юм.   Ингээд манай харилцагчид тэдгээртэй хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах, ялангуяа ажилгүй хүмүүсийг ажлаар хангах зэрэг асуудлуудаар нэлээд хэдэн байгууллагатай уулзаж, ярилцсаны эцэст “Эрдэнэт ноолуур” компанитай холбоо тогтоосон ба тус компани нь сарлагийн хөөврөөр ноолууран бүтээгдэхүүн хийж гадаад, дотоодын зах зээлд борлуулдаг.

   Асуудлын гол нь нарийн ширхэгт ноолуураар үндсэн бүтээгдэхүүнээ хийдэг ба үлдсэн буюу ялгагдаж гарсан хялгас нь ямар нэгэн бүтээгдэхүүн болж гардаггүй. Үүнийг бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах нь тус компанийн шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлын нэг байсан. Ингээд үйлдвэрт ашиглагддаггүй хялгасыг гэрийн бүслүүр болгох ажлыг ГЭР Санаачлага төсөл үйлдвэрийн удирдлагатай тохирч төсөлд ажилд зуучлуулахаар бүртгүүлсэн 16 эмэгтэйг 1 ширхэг гэрийн бүслүүрийг 3000  төгрөгний  ажлын  хөлстэйгээр  хийлгүүлж эхэлсэн.

   Ингэхдээ 16 хүнийг 3 бүлэг болгон хувааж ажиллуулсан. Эдгээр ажилгүй байсан хүмүүс нь ихэвчлэн хөдөө орон нутгаас нүүж ирсэн 35-50 насны эмэгтэйчүүд байлаа. Тэд хөдөө мал маллаж байсан тул ямар нэгэн мэргэжил байхгүй, насны хязгаарлалт гэсэн шалтгаанаар эдгээр хүмүүст ажил олоход хүндрэлтэй байсан.
Гэвч удалгүй тус компанийн түүхий эдийн нөөц дуусаж, мөн хийсэн бүслүүрүүдийн борлуулалт бага болсонтой холбогдон тэд ажилгүй болжээ. Үүний дараа энд ажиллаж байсан 5 эмэгтэй нэгдэж бизнес бүлэг болохоор шийдсэнээр ГЭР Санаачлага төслийн сургалт зөвлөгөөнүүдэд хамрагдан “Эрчим” бүлгийг 2005 онд байгуулсан байна. Тэд төслийн Бүлэг болох сургалт, Шинэ бизнес эхлэх сургалт, Бизнесийн зөвлөгөө, Зээлийн зуучлал болон Холболтын үйлчилгээнд хамрагдаж үзэсгэлэн худалдаанд оролцсоноос гадна ажлын захиалга ч авчээ.

   Тус бүлгийн үйл ажиллагааг дэмжихийн тулд ГЭР Санаачлага төслийн төвөөс УБ хотын монгол гэр хийж борлуулдаг, экспортонд гаргадаг компаниудтай холбоо тогтоож тус бүлгийн хийсэн гэрийн бүслүүрийн комыг жишээ болгон үзүүлсний үндсэн дээр “Монгол Гэр Хужирт” компанитай гэрээ байгуулж, сар бүр 20 гэрийн бүслүүр хийхээр тохиролцсон нь одоог хүртэл үргэлжилж байна.

   ”Эрчим” бүлэг эхэндээ Монгол гэр түрээслэн ажлын байр болгон ашиглаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Гэвч энэ гэр нь түрээсийнхээс гадна зай багатай, дулаалга муутай байлаа. ГЭР Санаачлага төслөөс 2005 онд бүлгээрээ амжилттай ажилласан байдлыг нь дэмжин ажлын байр болох монгол гэрийг тэдэнд грант болгон өгсөн бөгөөд тэд энэ гэртээ одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүлэг болон ажилласныхаа үр дүнд тус бүлгийн гишүүд:

  • Хөдөө орон нутгаас нүүж ирсэн хүмүүс бие биетэйгээ танил найз нөхөд болж үр дүнтэй хамтран ажилласан
  • Ажил хайж зүгээр суухын оронд ямар нэгэн юм хийж эрхэлсэн нь дээр юм байна гэдгийг ойлгосон
  • Ганцаараа ажилласнаас бүлэг болж ажиллахын давуу талыг ойлгосон
  • Тодорхой хэмжээний өрхийн орлоготой болсон
  • Ирээдүйд өөрсдийн зорилготой болсон

зэрэг маш олон давуу талыг олж авчээ.

   Тус бүлэг нь 5 гишүүнтэй байсан бөгөөд захиалга гүйцэтгэж байх хугацаандаа дахин 4 хүнийг ажилд авч шинээр ажлын байр бий болгосон байна. Ийнхүү зорилгодоо хүрэхийн тулд зорилтуудаа маш оновчтой дэвшүүлж, авсан сургалтуудаа амьдрал дээр ажил хэрэг болгон хичээн зүтгэсний үр дүнд энэхүү бүлэг нь маш амжилттай ажиллаж, 2008 оны 8-р сараас эхлэн хоршоо болон ажиллаж байна.

   Одоо хоршоо нь 9 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хоршоо болж ажилласнаар томоохон компаниудтай уулзаж, захиалга авах, зах зээлээ тэлэх, бизнесийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх боломж илүү их бүрдэж үйлдвэрлэлээ өргөжүүлэн, улам эрч хүчтэй ажиллаж байна.

Бүлгийн ахлагч Бүзмээ: “Анх ГЭР Санаачлага төслийн сургалтанд хамрагдаж бүлэг болон ажилласан. Төсөлтэй байнга хамтарч ажилласнаар бид их зүйлийг сурч мэдсэн. Энэхүү мэдлэгээ ашиглан бизнесийн бүлгийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хоршоо болж ажиллаж, амжилтанд хүрч байгаадаа баяртай байдаг. Бид одоо ч гэсэн ГЭР САНААЧЛАГА төсөлтэй нягт холбоотой ажиллаж байна.  Зорилготой, төлөвлөгөөтэй, өөртөө итгэлтэй хөдөлмөрлөж чадвал бид амжилтанд хүрч чадна” хэмээн ярьсан юм.

mnMN