Буцах

Гар урлал

Үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцох болсон

Байнгын худалдан авагчидтай болж,  эргэлтийн хөрөнгөө 20 дахин нэмэгдүүлээд байна

   Баатархуягийн Баянмандал нь анх 2007 оны 9-р сарын 26-ны өдөр ГЭР санаачлага төслийн Баянгол дахь салбар дээр ирэн үйлчилгээ авахаар бүртгүүлсэн бөгөөд татварын хуулийн талаар мэдээлэл, зөвлөгөө авчээ.   Энэ үед түүний бизнест дараах асуудал бэрхшээлүүд тулгарч байжээ. Үүнд: Борлуулалтын суваг байхгүй, бүтээгдэхүүнээ зөвхөн захиалгаар үйлдвэрлэдэг, байнгын харилцагч байгууллагагүй учир борлуулалт нь тэр бүр сайн биш.

   Бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах тал дээр мэдээлэл дутмаг, зах зээлээ зөв тодорхойлоогүй, иймд ямар хүмүүст зориулж ямар төрлийн бүтээгдэхүүнээ түлхүү  үйлдвэрлэх нь тодорхойгүй
Үзэсгэлэн худалдаанд оролцохдоо хэрхэн бэлтгэгдэж орох, бүтээгдэхүүнийхээ танилцуулга, сав баглаа боодол, шошго зэргийг хэрхэн зөв зохистой хийх талаар мэдээлэл дутмаг, нэрийн хуудас байхгүйгээс хүмүүстэй холбоо тогтоох боломж бага зэрэг бэрхшээлүүд тулгарч байсан байна.

   Ингээд тэр төслийн үйлчилгээнүүдийг аван идэвхтэй харилцах болжээ.
2007-9-26- нд татварын зохицуулалтын талаар болон татварын хувь хэмжээг хэрхэн тооцох, татварыг ямар хугацаанд төлж байх талаар зөвлөгөө авснаар одоогоор ААН болох талаар бэлтгэл ажил хийгдээд байна. Мөн 2007-11-29-нд “Монгол улсаа хөгжүүлье” үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцсон нь түүний бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулан, сурталчлах ажиллагааны эхлэл болж өгсөн байна.
Өмнө нь тэрээр бие даан үзэсгэлэнд оролцож байсан хэдий ч байнгын холбоо тогтоосон байгууллага байгаагүй тул орлого нь тогтворжоогүй, зарим тохиолдолд захиалгагүй байх үе ч тохиолдож байсан байна. Иймд байнгын харилцагч нартай болох, бизнесийн хамтын ажиллагаа үүсгэх шаардлага гарч бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хэрхэн хийх, бүтээгдэхүүнээ идэвхжүүлэх зэрэг чадварууд дутагдаж эхэлжээ. Иймд 2008-11-25-нд ГЭР Санаачлага төслийн бизнес холболтын үйлчилгээний сургалтанд хамрагдан, маркетингийн зөвлөгөө авчээ. Үүний үр дүнд тэрээр бүтээгдэхүүнээ шошгожуулж, англи, монгол хэлээр бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийлгэсэн байна.
Мөн үзэсгэлэн худалдаанд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөгөө авснаар олон нийтэд бүтээгдэхүүнээ ашигтай талаас нь танилцуулж, хэд хэдэн захиалгыг авсан төдийгүй байнгын худалдан авагчид, хувь хүмүүстэй холбоо тогтоогоод байна.
Түүгээр ч зогсохгүй бүтээгдэхүүнээ хүмүүсийн хэрэгцээ, эрэлтийн судалгаан дээр үндэслэн өөрчилснөөр шинэ төрлийн хэд хэдэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна.
2009-1-16-нд маркетингийн талаар зөвлөгөө авснаар цагаан сарын үзэсгэлэн худалдаанд тэрээр өөрийн шинэ үйлчилгээ болох шаазан эдлэл дээр зураг буулгах, шинэ үйлдвэрлэл болох болор эдлэлийн гар урлалын бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцсон байна. Тэрээр үзэсгэлэн худалдаанд оролцох нь зөвхөн ашиг олох биш бүтээгдэхүүнээ танилцуулах, сурталчлах, олон нийтэд танил болох зэрэг ач холбогдолтой гэдэг талаас нь илүү ойлгож авсан байна.
   Баянмандал хэлэхдээ “Сүүлийн үед би бүтээгдэхүүнээ гадаадын жуулчдад гол төлөв зориулж, тэдний хүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон ба нэрийн хуудсыг зөв, зохистойгоор бизнестээ ашиглаж заншаад байна. Тува зэрэг гадны улсаас хүртэл бүтээгдэхүүн худалдан авдаг байнгын харилцагчтай болсон. Одоогийн байдлаар би арьс, эсгий гар урлалын үйлдвэрлэлээ явуулахаас гадна Сансар үйлчилгээний төвийн дэргэд гар урлалын лангуу түрээслэн ажиллуулж болор эдлэл үйлдвэрлэл, шаазан эдлэл дээр зураг буулгах үйлчилгээ зэргээ амжилттай явуулж байна” гэсэн юм.
Өнгөрсөн 2007-2009 оны хугацаанд тэрээр бизнестээ шинээр нэмж 5 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эргэлтийн хөрөнгөө 20 дахин нэмэгдүүлснээр борлуулалтын орлогоо 3 дахин өсгөөд байна. Одоогийн байдлаар 3 ажилтныг цалинжуулж, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр бизнесээ явуулж байгаа юм.

Харилцагчийн хэлсэн үг: 
“ГЭР Санаачлага төслөөс зохиосон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцох болсон маань бүтээгдэхүүнээ олон нийтэд зөв танилцуулж сурсан, бүтээгдэхүүнийхээ танилцуулга, шошгыг анхаарал татахуйц байдлаар хийсэн, лангуун дээр зөв байрлуулсан, арын фонын өнгөний зохицолдлогоо зэргийг зөв зохицуулдаг болсонтой холбоотой гэж бодож байна. Хэд хэдэн удаа үзэсгэлэн худалдаанд бие даан амжилттай оролцож, борлуулалтын орлого, харилцагчдын тоо зэргээ өсгөж чадсандаа баяртай байна”.

mnMN