Буцах

Гар урлал

Хамтын хөдөлмөр амжилтанд хөтөлнө

Тоног төхөөрөмжөө нэмэгдүүлээд байна

   Балбарын Тунгалаг хэмээх ажилсаг бүсгүй Төв аймгийн Сэргэлэн сумын Саалийн үнээний фермд ажиллаж байгаад уг ферм нь тарснаар сумын төв дээр малын түүхий эд ашиглан гэрийн бүслүүр үйлдвэрлэн амьдралдаа залгуулсаар ирсэн юм.  Улмаар Сэргэлэн сумын хүн ам аймгийн төв болон УБ хот руу зах зээл бараадан  шилжих нь их болсон. Тунгалаг ч бусдын жишгийг даган аймгийн төв рүү 2005 онд шилжин  ирж гэрээрээ ойр зуурын үйлдвэрлэлээ явуулсан боловч төдий л ахиц гараагүй бөгөөд эргэлтийн хөрөнгө муугаас бизнесээ өргөжүүлж чадахгүй байлаа.

 Анх 2006 оны 9-р сард ГЭР Санаачлага төслийн зарын дагуу уулзалтанд оролцож өөрийн бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой юм байна гэж ойлгож, зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдсанаар эргэлтийн хөрөнгө болон борлуулалтын орлогоо нэмэгдүүлсэн. Түүнчлэн ГЭР Санаачлага төслөөс зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилснаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хоёрдогч ба 3-дагчаар дамжуулахгүйгээр борлуулах боломжтой болсон.  

  Гэвч тэрээр олон жил ганцаараа үйлдвэрлэл эрхэлж ахиц гараагүй бөгөөд хамтаар хөдөлмөрийн давуу талыг ойлгон 2008 оноос эхлэн ГЭР Санаачлага төслийн дэмжлэгтэйгээр   гэрийн бүслүүр, оосор үйлдвэрлэдэг харилцагч Батцэцэг, Алтанцэцэг, Мөнхөө нартай хамтран “Батнягт” бүлгийг байгуулан ур чадвар мэдлэгээ солилцон, бүтээгдэхүүний борлуулалтаа хамтран хийж ирсэн.

“Батнягт” бүлгийнхэн 2009 онд үйлдвэрлэлдээ техник технологийн дэвшил гаргах, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд тусгай зориулалтын  ээрдэг машиныг 400.000 төгрөгөөр, хялгас урдаг машин 380.000 төгрөгөөр тус тус худалдан авч үйлдвэрлэлээ явуулж эхлээд байна.

Харилцагчийн хэлсэн үг: 
“Хүн өөртөө зорилго тавин, аливаа юмыг жижиг гэлтгүй анхааран хийж, сурч мэдэхийн төлөө зүтгэж байхад үр өгөөжөө өгдөг юм”

mnMN