Буцах

Гар урлал

Санаа зөв бол заяа зөв гэж бодож явдаг

Монгол гэрийн төрөлжсөн дэлгүүртэй болохыг хүсдэг

Нуржавын Батхуяг нь ГЭР Санаачлага төслөөр дамжуулан 15 сая төгрөгийн холболтын үйлчилгээ авсан юм.
Түүний өвөө уран гартай, нутаг хошуундаа алдартай дархан, мужаан хүн байсан.

 Тэр ч утгаараа Н.Батхуяг хүү ахдаа туслан гар, хөлний үзүүрт зарагдаж байгаад анхныхаа сандлыг 12 насандаа хийж, түүнээсээ урамшин цаашид ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй болсон. Ингээд ойр зуурын юм хийж байгаад 1996 оноос модоор ширээ, сандал хийж, борлуулдаг болсноор бизнесийн гараагаа эхэлсэн. Бизнесээ хийж эхэлж байхад нь энэ чиглэлийн бизнестэй хүн ховор байсан боловч удалгүй өрсөлдөгч нар гарч ирснээр түүнд шинийг эрэлхийлэх шаардлага гарсан.

   Иймээс 2005 оны 10-р сарын 31-ний өдөр ГЭР Санаачлага төсөлд хандаж бизнес зөвлөхтэй уулзан, мэдээлэл зөвлөгөө авч, сургалтанд сууснаар төслийн холболтын үйлчилгээнд хамрагдах боломж байгааг олж мэдсэн. Төслийн харилцагч болсноор захиалга олж авахаас илүүтэйгээр шинэ загвар, санаа ихийг олж авч өөрийн хийж байгаа бараа бүтээгдэхүүн дээрээ хэрэгжүүлэн, холболтын захиалга авахдаа нэг хэвийн улбар шар өнгийг өөрчлөн өөр өөр өнгөөр бүтээгдэхүүнээ хийдэг болсон. Ингэснээр өөрийн гэсэн харилцагч олонтой болж хүмүүс ч ам сайтай байх болсон. Шүүгээний захиалга аваад ГЭР Санаачлага төслийн Холболтын багийнханд үзүүлэхэд “Гаднахыг нь будсан юм чинь дотор талыг нь ч гэсэн будвал зүгээр юм байна“ гэсэн онцгой санааг түүнд өгснөөр тэрээр одоо хийж байгаа бүтээгдэхүүн бүрийнхээ дотор талыг будаж, өрсөлдөгч нараасаа ялгаран, илүү ашигтай ажиллах болж, худалдан авагч нар нь ч сэтгэл ханамжтай байх болжээ. Анх тэрээр ганц хөрөө рамтай, гэртээ захиалгаа хийдэг байсан бол төслийн холболтын үйлчилгээнд хамрагдсанаар бизнес нь ихээхэн өргөжиж одоо 5 ажилчинтай, захиалга их үедээ 8-10 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж, мөн ажлын байр, 8 хөрөө рам, бусад тоног төхөөрөмжтэй, мужаан болон будгаа тусдаа хийдэг өрөөтэй  болж бизнес нь улам бүр өргөжин тэлсээр байна. Анх түүхий эд болох банзаа 1 куб-ээр нь авдаг байсан бол одоо 2 машинаар нь авдаг болсон зэрэг дорвитой өөрчлөлт багагүй гарчээ. Түүний хийсэн модон ширээ, сандал, ор зэрэг бүтээгдэхүүнүүдийг гадаад орнууд руу, тэр дундаа Голланд, Франц, Солонгос, АНУ руу ГЭР Санаачлага төслөөр дамжуулан захиалгаар нийлүүлдэг.  Тэрээр ийнхүү байнгын захиалагч нартай болж, бизнес нь өргөжсөөр байгаа тул 2008 оны 11-р сард “Гэрэлт-Эдлэл” ХХК-ийг байгуулан захирлаар нь ажиллаж байна.
Н.Батхуягийн мөрөөдлөөс сонсоход, тэрээр Монгол гэрийн төрөлжсөн дэлгүүртэй болохыг хүсдэг, тэр дундаа бүр том гэр дотроо жижиг монгол гэр бариад, бусад тавилгуудыг нь томоос нь жижиг хүртэл нь хийгээд үзүүлж болохоор байвал сайхан шүү хэмээн ярьж байсан юм. Нээрээ л үндэсний гэр, тавилгын тийм төрөлжсөн дэлгүүртэй болчихвол манай улсад ирж буй жуулчдын сонирхох газар нэгээр нэмэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Харилцагчийн хэлсэн үг: 
“Модоор юм хийнэ гэдэг их хэцүү, урьдчилан мэдэж болдоггүй, хагаралт үүсэх гээд байдаг. Үүнээс болж захиалгаа алдах эрсдэл гарч болзошгүй учраас ажилдаа маш өндөр хариуцлагатай хандаж, ажилчиддаа ч мөн ингэж сургаснаар ажлын бүтээмж маань сайжирч байгаа. Бичил болон жижиг бизнес эрхэлж буй биднийг дэмжиж, тусалж байдаг тус төслийн хамт олны цаашдын их үйлсийн зам нь дардан байж, амжилтаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье“

mnMN