Буцах

Гар урлал

Бизнесийг дэмжсэн ногоон зээл

Өвөлдөө -40 градус, зундаа +30 градус хүртэл халдаг эрс тэс уур амьсгалтай Монгол шиг улсад хүйтний улиралд уламжлалт монгол гэрт амьдарч буй өрхүүд нүүрс шатааж гэрээ дулаалдаг. Харин дэд бүтэц хангалтгүй зарим аймагт халаалтын асуудал бизнес эрхлэгчдийн толгойн өвчин болох үе ч бий. Тэдний нэг бол М.Сансарсайхан юм. Тэрбээр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Онол-Ертөнц” ХХК-ийн захирал нэгэн. Түүний компанийн өмчид байдаг 256 метр квадрат үйлчилгээний объект руу дулааны шугамд холбогдоогүй байдгаас болж жил бүр нүүрсээр галлах шаардлага гардаг байв. 

              

Бага хүүтэй зээлд хамрагдаж байшингаа төвийн дулаанд холбосноор бидний ажил маш их хөнгөрсөн.

Онол Ертөнц ХХК Захирал Мөнххуягийн Сарансайхан

    Улмаар хүйтний улиралд сар бүр шатаах нүүрсээ авч бэлдэхээс гадна галлах тусгай ажилтан авч ажиллуулах болдог аж. Энэ нь байгальд илүү бохирдол ялгаруулахаас гадна нүүрс болон галлах ажилтны цалин санхүүгийн дарамт болдог байв. Уг талбайд түргэн хоол, хүнсний үйлдвэрлэл зэрэг бусад бизнес түрээсэлж үйл ажиллагаа явуулах үе байдаг ч цаг агаар хүйтрэхэд дулаалга асуудал болоод олон жил болсон байна. М.Сансарсайхан жилийн 21.6 хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа санхүүжүүлж байсан тул дахин ийм хэмжээний хүүтэй зээл авч дулаалгаа шийдэх нь өндөр зардалтайгаас гадна эрсдэлтэй байв. 

            Мөн өмнө нь худалдааны бизнес хийдэг байсан ч түүнд бага хүүтэй зээл авч байсан туршлага байсангүй. Цаашид яах талаар бодож явж байтал АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй BEST хөтөлбөрийн талаар олж мэдсэн нь түүнд том боломжийг бий болгосон юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар зээлийн зуучлалын үйлчилгээ авч Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй Хас банкны жилийн 8 хувийн хүүтэй таван жилийн 70 сая төгрөгийн зээлд амжилттай хамрагдав. Ийнхүү авсан зээлээрээ дулаалгын асуудлаа шийдэж өөрсдийн байгууламжаа төвийн дулаанд холбосноор тэдний бизнест хэд хэдэн давуу тал авчиржээ. Нүүрсээр галлахаа больсноор байгаль орчинд ээлтэй болсноос гадна зардал буурч, үйл ажиллагаа нь жигдэрч, цаашлаад үйлчлүүлэгчид ч тав тухтай болов. М.Сансарсайхан “Бага хүүтэй зээлд хамрагдаж байшингаа төвийн дулаанд холбосноор бидний ажил маш их хөнгөрсөн. Жил бүр нүүрс тээвэрлэж, галлах найдвартай хүн зөвхөн өвлийн хэдхэн сар авч ажиллуулах тийм ч амаргүй байсан” хэмээн ярина.

mnMN