Буцах

Гар урлал

Хүний хэрэглээний бүхий л зүйлийг ноосоор хийж болно

Бүтээгдэхүүний өнгө, загвар нь эрс сайжирч англи, монгол хэлээр хаяг, шошготой болжээ

   Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэн С.Оюунболд хилийн цэрэгт ажиллаж байгаад 1992 онд тэтгэвэрт гарснаар гэртээ суух болжээ. Тэр үед ноосоор эсгий эдлэл хийх сургалтанд суух боломж түүнд олдсон байна.

  Уг сургалтанд сууснаар хонины ноос гэдэг ямар сайхан бүтээгдэхүүн болдгийг хараад үнэхээр их гайхаж, бас их сонирхож эхэлжээ. Сургалтын дараа сургагч багшийн эрх аваад маш их баярлаж байсан бол тэрээр өнгөрсөн хугацаанд 200 гаруй хүнд ноосоор төрөл бүрийн хэрэглээний болон бэлэг дурсгалын зүйлсийг хэрхэн, яаж хийхийг зааж сургажээ. Тэдгээр хүмүүсээс зарим нь одоо ч гэсэн ноосоор эсгий эдлэл хийж, өрхийн хэрэглээгээ хангахаас гадна зарж борлуулан  орлогоо нэмэгдүүлж байна.

  “Эсгий бол их онцлогтой бүтээгдэхүүн. Хүний биед их сайн нөлөөтэй, цусны эргэлтийг сайжруулж, нуруу бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болжээ. Болж л өгвөл байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй болсон байна.
Монголчууд эрт үеэс эсгийг хэрэглэж ирсэн уламжлалтай улс. Гэтэл нэг гайхалтай нь гадаадынхан ч бас эсгий бүтээгдэхүүнийг их сонирхдог юм байна” хэмээн харилцагч Оюунболд эсгийний талаар ярьсан юм. Тэрээр ГЭР Санаачлага төсөлтэй 2005 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Төслөөс бизнесийн төрөл бүрийн сургалтууд болон зөвлөгөө авч үзэсгэлэн худалдаануудад тогтмол оролцдог аж. Мөн бизнес зөвлөхүүдээс бизнесийн зөвлөгөө авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр одоо түүний бүтээгдэхүүний өнгө, загвар нь эрс сайжирч англи, монгол хэлээр хаяг шошготой болсон. Түүнчлэн ГЭР Санаачлагын холболтын үйлчилгээнд хамрагдсанаар Францаас захиалга авч, бүтээгдэхүүнээ борлуулж байжээ.
Түүгээр ч зогсохгүй тэрээр бэлэг дурсгалын зүйл хийдэг хүмүүстэй хамтран бүлэг болж, орон нутгийнхаа нисэх онгоцны буудал дээр лангуу нээж, бүтээгдэхүүнээ борлуулснаар тогтмол орлоготой болж чадсан.
“Энэ бүхнийг хийхэд надад зааж, зөвлөж, тусалж байсан ГЭР Санаачлага төслийн хамт олондоо Баярлалаа гэж хэлье” хэмээн Оюунболд эгч баяртайгаар хэлж байлаа.

Харилцагчийн хэлсэн үг: 
“Ер нь ноосоор юм хийнэ гэдэг хэцүү ажил. Учир нь ноосны үс, хялгас нь ам хамраар орохоос эхлээд ноосоо угаах, эсгийрүүлэх зэрэг нь эмэгтэй хүний хувьд хүнд байдаг. Энэ бүх бэрхшээлийг давж чадах тэвчээртэй байж л хийсэн зүйлийнхээ үр дүнг үзнэ. Анх харахад ноос хиртэй, хогтой, өвөрмөц үнэртэй байдаг. Ноосоо сайхан цэвэрлэж, угаагаад самнасны дараа харахад цав цагаан өнгөтэй, хөвөн шиг зөөлхөн болдог. Ийм ноосоор юуг ч хийж болно. Хөөрхөн жижигхэн бойтог, гэрийн шаахай, цүнх, түрийвч, малгай гээд ёстой юу л хүснэ, түүнийгээ хийнэ. Гол нь энэ бүхнээ зарж борлуулах, бүтээгдэхүүнээ сайжруулах зэрэгт ГЭР Санаачлага төсөл маш их туслалцаа үзүүлсэн”

mnMN