Back

Ongoing projects and programs

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төсөл

Иргэдийн сайн дурын нэгдэл, санаачилга нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлж байна

Монгол улс нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн хурдацтай өртөж байгаа орнуудыг нэг болоод байна. Тухайлбал сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын дундаж хэм нь 2.2 цельс орчим нэмэгдсэн байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дундаж хэм нэмэгдэхийн хирээр хэт халалт, хуурайшилт, хур тунадасны эрс нэмэгдэл зэрэг эрс тэс үзэгдлүүд олширч байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд ялангуяа хавар, зуны улиралд орсон хүчтэй аадар бороо, хуримтлагдсан шар ус, халиа дошинг нь хот суурин газрын түүн дотор гэр хорооллын иргэдийн үерийн эрсдэлийг нэмэгдүүлж, иргэд эрүүл мэнд, амь нас, хөрөнгө өмчид хохирол учруулах байдал нэмэгдэж байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ нөхцөл байдлыг бууруулах нь зөвхөн төр, мэргэжлийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын хүчин чармайлт бус иргэдийн өөрсдөө санаачлан нэгдэж, дасан зохицох чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай болохыг сануулж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улс НҮБ-н ХАБИТИТ байгууллага нь Дасан зохицох сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь голын болон халиа, тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бөгөөд улс орны хэмжээнд баримтлах бодлого, зохицуулалтыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох, зорилтод гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах инженерийн байгууламж барих, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, мэдлэг мэдээллийг санг бий болгож, иргэдийн бүлгийн оролцоог бий болгох зэрэг олон ажлуудыг багтаасан.

Төслийн хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, үйл ажиллагаануудаас харахад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, үерийн эрсдэлийг бууруулах ажил нь зөвхөн инженерийн шийдлүүдээр хязгаарлагдахгүй бөгөөд олон нийт, иргэдийн бүлгийн оролцоо, сайн дурын санаачилга, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй байна. Тэр утгаараа төсөл нь олон нийтийн оролцоо, иргэдийн бүлгийн санаачилга дээр түшиглэн инженерийн шийдлүүдтэй хослуулан мод, бут, зүлэг гэх мэт ногоон байгууламжуудыг байгуулж, үерийн хамгаалалтын байгууламжийн бат бөх байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгалийн унаган төрхийг хадгалах, сэргээх, цаашлаад иргэдийн аюулгүй, тав тухтай оршин суух нөхцлийг бүрдүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд 539 иргэдийг 59 бүлэгт нэгтгэж, нийт 1000 орчим мод, бутыг иргэдийн оролцоотой тариаллаа. Мөн үерийн хамгаалалтын байгууламжийг байгалийн унаган төрхөөр нь сэргээх, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор одоогийн 9150 м2 талбайг иргэдийн бүлэг, санаачилгад суурилан зүлэгжүүлээд байна. Үүний үр дүнд иргэдийн дунд өмнө зөвхөн өөрийн хашааны дотор талдаа л илүү анхаардаг, арчилдаг байсан бол одоо хөршөөрөө, гудамжаараа хамтдаа нэгдэж, дундын орчноо илүү ногоон, тав тухтай болгож, хүүхдүүдээ аюулгүй орчныг бэлэглэж байгаа нь энэхүү төслийн чухал үр дүнгийн нэг юм. Эдгээр сайн дурын санаачилга, иргэдийн бүлгийн хичээл зүтгэл нь зөвхөн өнөөдөртөө бус ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй, тогтвортой нийгэм, коммунитиг бий болгох бат суурийг тавьж байна. Мөн эдгээр иргэдийн хамтын хүчин чармайлт, санаачилгууд нь уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах Монголын жишгийг бүтээж байгаа явдал юм.

en_USEN