Буцах

Ном тохимол

Авсан мэдээллээ амьдралдаа хэрэгжүүлж байгаадаа баяртай байна

Төслийн барилгын гарын авлагыг ашиглаж байшингаа барьсан

Олсон мэдээллээ амьдралд бодитоор хэрэгжүүлж, сурсан мэдсэнээ өөрөө хэрэгжүүлээд зогсохгүй бусад хүмүүст зааж сургаж байгаа ГЭР Санаачлага төслийн харилцагч бол Тилегений Ерган хэмээх хүн билээ.

   Т.Ерган малын эмч мэргэжилтэй бөгөөд ГЭР Санаачлага төсөл байгуулагдсан цагаас хойш байнга харилцаатай ажиллаж байгаа юм.

   Тэрээр зах зээлийн жамаар 2005 оноос бусад хүмүүсийн адил зах дээр лангуу түрээсэлж, бэлэн хувцасны худалдаа эрхэлж эхэлсэн байна. Тэрээр үргэлжид хаана, ямар шинэ санаа, мэдээлэл байгааг эрэлхийлж байдаг хүн аж. 2006 оны 9-р сард тэрээр ГЭР Санаачлага төслийн талаар зурагтаар сонссон бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгч гэр хорооллын иргэдэд бизнес зөвлөгөө, сургалт, мэдээлэл зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдгийг мэдэж авчээ.

   Ингээд төслийн бизнес зөвлөхтэй очиж уулзан харилцагчаар бүртгүүлсэн бөгөөд бүртгэлийн дэвтэр авч бүртгэл хөтөлдөг болсон байна. Үүнээс хойш тэрээр төслийн байранд байнга очиж, “Санаачлага” сонин худалдан авч уншин хэрэгцээтэй мэдээллүүдийг авах болжээ. Ингээд тэр сониноос авсан олон сайхан мэдээллүүдээ бизнестээ хэрэгжүүлж эхэлсэн байна.

   Ерган мөн тахиа тэжээдэг бөгөөд 2007 онд төслийн мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалт буюу тахианы сургалт авснаар тахианы аж ахуйн талаар илүү их мэдээлэлтэй болсноос гадна сургалтаас авсан мэдлэгээ бусад хүмүүст зааж сургажээ. Тэрээр ГЭР Санаачлага төслийн захиалгаар 2008 оны 9-р сард төслийн харилцагч нарт сургалт явуулж, бизнес аялал зохион байгуулсан нь хүмүүст их таалагдсан. Улмаар сургалтанд хамрагдсан харилцагчид хавар Ерганаас тахиа худалдан авахаар болсон байна.

   Үүнээс гадна тэрээр төслөөс эрхлэн гаргасан “Ажлын байр, амины сууцны төсөв зохиох, барих аргачлал” номыг худалдан авснаар банкнаас байшин барих зээл авч, барилгын төсөв тооцооллоо өөрөө хийн өнгөрсөн зун хуучин байшингаа шинээр барьсан нь түүний аливаа мэдээллийг амьдралдаа хэрэг болгон тусган авч, үр дүнг нь үзэж байгаагийн нэгээхэн илрэл юм.

Ерган одоо фермерийн аж ахуйгаа эрхэлж, тахианыхаа тоог 200-300 хүргэн, аж ахуйн нэгжтэй болох зорилго тавин ажиллаж байгаа шаргуу хөдөлмөрч хүн билээ.

Харилцагчийн хэлсэн үг:

“Төслөөс мэдээлэл тогтмол авч, өөрийн мэдлэгээ дээшлүүлэн, хувийн амьдралдаа болон бизнесийн үйл ажиллагаандаа гарын авлага болгон санаа авах нь ач тусаа өгч байна. Бидэнд амьдралд хэрэгтэй мэдээлэл өгч байдаг ГЭР Санаачлага төслийнхөнтэй цаашдаа ч хамтран ажиллана хэмээн бидэнтэй сэтгэгдлээ баяртайгаар хуваалцсан Ерган гуай ГЭР Санаачлага төслийн хамт олондоо “Баярлалаа” гэж хэлсэн”

mnMN