“ХАА-н салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа.
АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр нь 2023 оны 9-р сарын 28-ны өдөр “ХАА-н салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн форум нь Монгол Улсын ХАА-н салбарын тогтвортой хөгжлийг хангах санхүүжилтийн загвар болон шинэлэг арга хэрэгслүүдийг оролцогч талуудаар хэлэлцүүлж, шийдлийг санал болгох зорилготой юм.
Форумын үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг болон Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцон нээлтийн үг хэллээ.
Форумын үеэр USAID-ийн BEST хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Банк Санхүүгийн Академи, Хаан Банк, Тэсо Фүүдс ХХК зэрэг байгууллагуудаас оролцож, илтгэл мэдээлэл хуваалцахын зэрэгцээ Монгол Улсын ХАА-н салбарын санхүүжилтийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, сайн туршлагууд болон санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийн талаар “ХАА-н салбарын санхүүжилтийн стратеги” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид оролцогч талууд ХАА-н санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Форумд ХАА-н салбарын оролцогч талуудын 200 орчим төлөөлөгчид биечлэн оролцож, орон нутгийн 2,400 орчим төлөөлөгчид цахимаар нэгдлээ.
АНУ-ын Засгийн газар эдийн засгийн тогтвортой, уян хатан өсөлтийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон үйл ажиллагааг Монгол түншүүдтэй хамтран ажилласаар ирсэн билээ. Үүний хүрээнд BEST хөтөлбөрөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанууд нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, ХАА-н салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.