Back

Hand crafts

Хамтын ажиллагаа амжилтанд хөтөлнө

Байнгын захиалгатай болсноор бизнес маань тогтвортой явж байна

   Монгол орны алс баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймгийн Өлгий хотын оршин суугч Х.Нарбек 2006 оноос эхлэн казах үндэсний хатгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэн хувийн бизнесээ эрхэлж эхэлсэн аж.   Өлгий хотод ирсэн жуулчид казах үндэсний бүтээгдэхүүнүүдийг сонирхон авч, захиалга өгч байгааг хараад энэ бизнесээ эрхлэх анхны санаа нь төрсөн байна. Тэрээр өөрөө зураач-дизайнер мэргэжилтэй тул бүх загварыг өөрөө гарган эсгэж, эхнэр нь оён анх бизнесээ 300000 төгрөгөөр эхэлжээ.

   Анх бүтээгдэхүүнүүдээ Улаанбаатар хотод их дэлгүүр болон бусад дэлгүүрүүдэд тавьж борлуулдаг байсан бол 2007 оноос ГЭР Санаачлага төслийн холболтын үйлчилгээнд хамрагдаж эхэлсэн бөгөөд хатгамлын бүтээгдэхүүнээ Румын, Франц, Америк, Австрали зэрэг орнуудад экспортлон, байнгын захиалгатай болж, борлуулалт сайтайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Одоо эднийх шулуун оёдлын хоёр оёдолчин, нэг эсгүүрчин болон арван ажилчны хамтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тэд аравч, цүнхний төрлүүдээс гадна бүргэдийн тоноглол хийж, зураг зурж, мөнгөн бүсийг казах үндэсний хээтэй хослуулан хийж байгаа юм.
   Үйлдвэрлэлийн явцад түүний бизнест эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээл шаардлагатай болж банканд хандсан ч зээлийн журмын шалгуур зарим талаар хангахгүй байсан учир зээл авч чадсангүй. Энэ тухайгаа ГЭР Санаачлагын бизнес зөвлөхүүдэд хандахад түүний бизнесийн нөхцөл байдал болон бэрхшээлийг нь тодорхойлсны үндсэн дээр түүнд төслийн ХНС-ийн зээлийг санал болгож олгосон юм. Авсан зээлээ зөв зарцуулснаар санхүүгийн бэрхшээлээс гарч үйлдвэртээ дахин 2 хүн авч ажиллуулан үйлдвэрлэлээ өргөтгөжээ. Гэвч борлуулалтын оргил үед түүхий эд материал нь багасч захиалга авах боломжгүй болсон тул дахин давхар санхүүжилтээр зээл авч, түүхий эд материалаа авснаар захиалгаа цаг хугацаандаа биелүүлэхэд нь хүндрэл гардаггүй болсон. 
  Түүнчлэн Х.Нарбек нь хатгамал бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг, мөн шинээр бизнес эхлэх сонирхолтой, ГЭР Санаачлага төслийн харилцагч нарт өнгийн зохицуулалт, оёдол, загварын талаар сургалт явуулж, зөвлөгөө өгсөн бөгөөд энэ сургалтын үр дүнд зарим нэг харилцагчид хатгамлын чиглэлээр шинээр бизнесээ эхэлж, үйл ажиллагаагаа явуулаад байна.
   Мөн тэрээр ажилчин авах үедээ төслийн ажлын зуучлалын үйлчилгээгээр дамжуулан ажилчин шалгаруулан авдаг ба цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн төсөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Х.Нарбек тус төсөлтэй хамтран ажилласнаар 2009 оны 6-р сард АНУ-д зохиогдох үзэсгэлэн худалдаанд оролцох болсондоо маш их баяртай байгаа аж.

Client feedback: 
“ГЭР Санаачлага төсөлтэй харилцсан минь миний хувьд маш их үр өгөөжтэй байж чадсан төдийгүй өнөөдрийн энэ амжилтанд хүрэхэд минь маш их нөлөө үзүүлсэн. Бизнес холболтын үйлчилгээнд хамрагдсанаар нийтдээ 10 орчим сая төгрөгийн борлуулалт хийгээд байгаагаас гадна бүтээгдэхүүнийг маань гадаадад хүртэл борлуулж өгдөгт туйлын баяртай байдаг”

en_USEN