Бүтээгдэхүүнийг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх нь чухал
Батмөнх овогтой Нансалмаа нь 2006 оны 8-р сард анх ГЭР Санаачлага төслийн талаар мэдээлэл авахаар салбарын байранд нь очсоноор ГЭР Санаачлага төсөлтэй хамтран ажиллах эхлэл тавигджээ. Б.Нансалмаа оёдолчин мэргэжилтэй бөгөөд шүр сувдан хэлхээгээр жижиг ээмэг зүүлт хэлхэж борлуулдаг байсан.
ГЭР Санаачлага төсөлтэй хамтран ажиллах хугацаандаа зээлийн зуучлал, өртөг үнэлгээгээ зөв тооцох, мэдээлэл, бизнес холболтын үйлчилгээ, бизнесийн сургалтуудад хамрагдан, цаашид бие даан бизнес эрхлэх арга барилаа нэмэгдүүлж, чадваржсан байна.
Бизнес эрхэлж буй хэн бүхэнд хамгийн чухал зүйлийн нэг нь ажлын байр байдаг. Тэрээр үйлдвэрлэл явуулах өрөө түрээслэн ажиллаж, байнгын үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэй болж чадсан төдийгүй захиалгын дагуу орж ирсэн бүтээгдэхүүнийг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэж ирсэн нь түүний бизнес өргөжин хөгжих хамгийн гол хөшүүрэг болж байлаа. Түүнчлэн бусадтай хамтарч ажлын байр түрээсэлснээр ижил төрлийн бизнес эрхэлж буй тэднээс туршлага судлах, зарим тохиолдолд бараа материалаа хамтдаа татан авах зэрэг давуу тал гарч ирсэн байна.
Мөн тэрээр харилцагчийн үйлчилгээний талаар тодорхой мэдлэгтэй болсныхоо үндсэн дээр үйлчлүүлэгчээ хэрхэн алдахгүй байх, тэдэнтэй байнгын харилцаа холбоо тогтоох тал дээр багагүй анхаарал тавьж ажиллах болжээ.
Нансалмаа цаашид өөрийн оёдлын цехээ өргөжүүлэн бизнесээ улам сайжруулахаар зорин ажиллаж байгаа юм.
Client feedback:
“Би анх ГЭР Санаачлага төслийн талаар мэдээлэл авахаар очиход бизнес зөвлөх надад төслийн зорилго, үйл ажиллагааны танилцуулгыг хийсэн бөгөөд хамтран ажиллах ямар боломж байгааг танилцуулснаар зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдаж, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болсноос гадна өртгөө хэрхэн тооцох сургалт, үзэсгэлэн худалдаануудад оролцсон маань цаашид бие даан бизнесээ эрхлэх урам зориг өгсөн”