Хөгжлийн Шийдэл ТББ нь бизнес эрхлэлтийг дэмждэг дотоодын болон олон улсын сүлжээ байгууллагуудын гишүүн юм. Уг сүлжээ байгууллагуудын гишүүнчлэлд хамрагдсанаар Монгол улсад олон улсын жишиг хөтөлбөрүүдийг суурьшуулах, нөгөөтээгүүр Монголын туршлагыг олон улсад хуваалцан харилцан ашигтай санал солилцох боломжтой байдаг. Мөн дэлхийн хөгжил дэвшлийг Монголын бизнес эрхлэгчдэд таниулан олон улсын менежментийн арга барилыг сурган дэлхийд өрсөлдөх бизнесүүдийг бий болгоход чиглэдэг.
Залуусын Бизнесийг Дэмжих Санаачилга Сүлжээ байгууллага нь дэлхийн 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг юм. Анх ИБУИВУ-ын Уэльсийн хунтайж Чарльзийн санаачилгаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байсан бөгөөд өдгөө залуучуудыг зөвхөн ажил хайгч бус ажил олгогч болгон бэлтгэхэд менторинг, санхүүжилт болон энтрепренёршипийн сургалтын хөгжлийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж 2025 он гэхэд дэлхийн нэг сая залуусыг ажлын байртай болгох зорилт тавин ажиллаж байна. Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 оноос хойш тус байгууллагын итгэмжлэгдсэн гишүүн юм.
Даян Дэлхийн Нийгмийн Энтрепренёруудын Сүлжээ байгууллага эх дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг бизнес эрхлэлттэй уялдуулан биелүүлэхийн төлөө ажиллаж байна. 2017 онд тус байгууллага нь нийт 55 гишүүнтэй байсан бөгөөд Хөгжлийн Шийдэл ТББ нь өөрийн эрхэм зорилгын хүрээнд 55 дахь гишүүнээр элссэн. Өнөө цагт бизнесийг зөвхөн мөнгөн ашгийн зорилгоор бус нийгмийн асуудлыг шийдэх замаар тогтвортой бизнес загвараар удирдан явуулах ур чадварыг энэхүү сүлжээ байгууллагаар дамжуулан түгээн дэлгэрүүлж байна.
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт нь Монгол улсын мэргэшсэн зөвлөхүүдийг эгнээндээ нэгтгэсэн, Олон Улсын Мэргэшсэн Менежментийн Зөвлөхүүдийн Институтийн гишүүн байгууллага юм. Хөгжлийн Шийдэл ТББ нь 2011 онд гишүүнээр элсэж харилцагчдадаа үзүүлж буй сургалт, зөвлөгөөний үйлчилгээг олон улсын зөвлөх үйлчилгээний стандартад нийцүүлэхийн зэрэгцээ тус институтийн дэмжлэгтэйгээр багш, зөвлөхүүдээ ямагт хөгжүүлдэг.