Амтат бялуугаараа аймгийнхаа хэрэгцээг хангадагтаа баяртай байдаг
Н.Маржангүл нь 1990 онд Казахстаны Хүнсний ТМС-ийг махны технологич мэргэжлээр төгсөн ирж Баян-Өлгий аймгийн Мах комбинатад, дараа нь хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд ажиллаж байжээ.
Тус үйлдвэр нь хувийнх учир цалин бага, амьдралд төдийлөн хүрэлцдэггүй байв. Тиймээс тэрээр өөрийн гэсэн бизнестэй болох талаар байнга боддог байлаа. Гэвч тус санаагаа хэрхэн яаж хэрэгжүүлэх арга замаа олохгүй л байв. Тэр үед зурагтаар Өлгий хотод шинэ салбараа нээгээд удаагүй байгаа ГЭР Санаачлага төслөөс 2006 оны 9-р сард нарийн боовны сургалт явуулна гэсэн зарыг үзэж, төсөлд хандан очиж уулзсан нь бизнесээ эхлэх боломжийг түүнд нээж өгсөн байна.
Тэрээр төслийн үйл ажиллагаатай танилцаж, шинээр бизнес хэрхэн эхэлж, амьдрал ахуйгаа сайжруулах талаар зөвлөгөө авч, бизнес хийх санаа өвөртлөн гарав. Тэр махны технологич мэргэжилтэй боловч Өлгий хотод нарийн боовны бизнес ашигтай гэсэн бизнес зөвлөхүүдийн саналаар төслийн нарийн боовны сургалтанд хамрагдав.Энэ сургалтанд сууснаар нарийн боовны цех нээж бизнес эрхлэхээр зүрх шулуудсан ч энэ бүхэнд санхүү зайлшгүй шаардлагатайг ойлгож байлаа. Иймээс тэр төсөлд хандаж зээл олгох хүсэлтээ тавьжээ. Маржаны махруу хөдөлмөрч, зорилготой, дайчин байдлыг болон бизнесээ хэрхэн явуулах төлөвлөгөө тооцоололтой нь танилцсаны үндсэн дээр ГЭР Санаачлага төслөөс түүнийг зээлийн зуучлалын үйлчилгээндээ хамруулж бизнесээ эхлэх нөхцөл бололцоог нь хангаж өгчээ.
Энэ мөнгөөрөө шарах шүүгээ болон бусад тоног төхөөрөмж худалдан авч жижиг нарийн боовны цех ажиллуулж үйл ажиллагаагаа эхлэв. Тэрээр төсөлтэй байнга харилцаа холбоотой ажиллаж ирсэн бөгөөд төслийн ном гарын авлага, сонинг байнга авч уншиж мэдээлэл авдаг бөгөөд төслөөс эрхлэн гаргасан бүртгэл хөтлөлтийн дэвтрүүдийг байнга хөтөлдөг аж. Мөн төслийн сонин дээр өөрийн бизнесээ сурталчилж байсан байна.
Харилцагч Маржан хэлэхдээ: “Биднийг банкнаас зээлтэй үед давхар санхүүжилт төслөөс олгосон нь өөрийн гэсэн бялууны хайрцагтай болж, өмнө нь зөвхөн цех дээрээ бялуугаа борлуулдаг байсан бол дэлгүүрүүдэд болон хөдөө орон нутагт борлуулалт хийх боломжтой болсон” гэсэн юм. Үнэхээр ч Өлгий хотод бялууны хайрцаг хэвлэх үйлдвэр байдаггүй учир төслийн хотод байдаг төвийн ажилтан түүнийг бялууны хайрцаг хямд үнээр хэвлэх үйлдвэртэй холбож өгсөн байна.
Ийнхүү тэрээр бизнесийнхээ үр дүнд амьдрал ахуйгаа дээшлүүлж, захиалга хүргэдэг унаатай болсон төдийгүй тоног төхөөрөмжүүдийнхээ хүчин чадлыг нь нэмэгдүүлж, түрээсийн байраа томсгон, ажилчдынхаа цалинг нэмж ажиллаж байгаа аж. “Маржан” нарийн боовны цехийн бүтээгдэхүүн амттай, чанартайг хүмүүс болон албан байгууллагууд үнэлснээр одоо аймгийн төвийн 2 сургууль, хөдөө сумын нэг сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн нарийн боовыг хариуцан нийлүүлж ажиллаж байгаа нь түүний богино хугацаанд амжилтанд хүрснийг нь баталж байна. Н.Маржангүлийн цаашдын зорилго нь олон ажилчинтай, өөрийн гэсэн ажлын байртай, том үйлдвэр байгуулах юм байна.
Хөдөлмөрч, идэвх зүтгэлтэй, өмнөө тавьсан зорилготой Маржангүлд амжилт хүсье.
Харилцагчийн хэлсэн үг:
“Аймгийн хэрэглэгчид өмнө нь Улаанбаатараас зөөдөг байсан бялууг хүссэн хэмжээгээрээ, дуртай цагтаа ирж шууд үйлдвэрээс нь худалдан авах боломжийг аймгийнхаа хэрэглэгчдэд олгосон.
Мөн бизнес маань өргөжин хоёр туслахтай болж, ажил маань өглөө эрт эхэлж шөнийн 1 цаг хүртэл завгүй ажиллаж, үйлчлүүлэгчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа нь хийж байгаа ажил, бизнест маань улам их урам хайрладаг.”