Анх 2003 онд 550000 төгрөгөөр гэр хороололд байрлах хүнсний жижиг ТҮЦ худалдан авснаар Отгонгэрэлийн гэр бүлийн бизнес эхэлсэн юм. Энэ бизнесийн үйл ажиллагааг гэр бүлийн гишүүд нь ихэд дэмжин хүнсний худалдааны бизнес дээрээ гэр бүлээрээ хичээн ажиллаж байлаа.
Тухайн үед тэднийх айлын байр түрээслэн амьдардаг байсан бөгөөд өөрсдийн гэсэн орон сууцтай болох нь тэдний гэр бүлийн хамгийн гол зорилго байсан. Хэдийгээр бизнесээсээ бага хэмжээний хуримтлал хийж байсан боловч хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгөгүй, бизнесийн мэдлэг дутагдалтай байснаас зорилгоо биелүүлэхэд хэцүү байсан.
Банкнуудаас зээл авахыг хүсэж, оролддог байсан боловч барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар буцаагддаг байжээ.
2003 оны 12-р сард ГЭР Санаачлага төслийн талаар танилаасаа сонссоноор тус төслийн бизнес зөвлөхтэй анх уулзсан. Ингэснээр өөрийнх нь бизнесийг өргөжүүлэх, бизнесийн орлого, ашгийг нэмэгдүүлэх үйлчилгээнүүдийг авах боломжтойг мэдэж авсан бөгөөд хамгийн анх бизнесийнхээ орлого зарлагыг бүртгэх, хянах, бүртгэл хөтлөлтийг хэрхэн хийх талаар сургалт авсан байна. Ингэснээр өөрийн хуримтлалыг нэмэгдүүлэх болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтойг мэдэж хэрэгжүүлж эхэлжээ. Отгонгэрэл болон түүний гэр бүлийнхэн ажилсаг хичээнгүй ажиллаж байсан бөгөөд төслийн зээл зуучлалын үйлчилгээг авч эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлсэн төдийгүй орон сууц худалдан авсан байна.
Үүний дараа тэрээр бизнесийн дараагийн зорилгуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар төслийн зөвлөхүүдээс бизнесийн зөвлөгөө авч НББүртгэл хөтлөлт, шинэ бизнес эрхлэх талаарх сургалтанд хамрагджээ. Мөн гэр бүлийн хүн Мөнхбаатар нь жолоочийн мэргэжилтэй бөгөөд төслийн зээл зуучлалын үйлчилгээнд дахин хамрагдаж машин худалдан авснаар хүн тээврийн бизнес давхар эрхлэх болсон байна. Өнөөдрийн Отгонгэрэлийн гэр бүлийн бизнесийн байдлыг 2003 оны байдалтай харьцуулахад бизнесийн орлого нь 2,5 дахин, эргэлтийн хөрөнгө 2,2 дахин, үндсэн хөрөнгийн хэмжээ 9,7 дахин өссөн байна. Энэхүү амжилтын үндэс нь Отгонгэрэл болон түүний гэр бүл Мөнхбаатар нарын амьдралын зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө туйлбартай, хөдөлмөрч, ажилсаг хичээнгүй ханддаг зан чанар юмаа гэж үзэж байна. Одоо тэрээр орон сууцныхаа нэг өрөөг хүнсний дэлгүүр болгож ашиглаж байгаа бөгөөд түүний дараагийн зорилго нь өөрийн байрны гадна талд өргөтгөл барьж дэлгүүрийнхээ хэмжээг томсгож найман нэрийн дэлгүүртэй болох явдал юм.
Харилцагчийн хэлсэн үг: “Бизнес маань өгөөжөө өгч бид өөрийн гэсэн амьдрах байртай, унах машинтай болсондоо маш их баяртай байдаг. Бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх арга замыг ГЭР Санаачлага төслийн хамт олон зааж сургаснаар бид амжилтанд хүрсэн гэж боддог.”