Буцах

Хүнсний үйлдвэрлэл

Бизнесээ өргөжүүлэх хүслийн үзүүрт…

Анх хүнсний мухлаг ажиллуулж эхэлсэн бол одоо 3 бизнестэй болсон

   С.Булган өмнө нь Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байхдаа сар бүрийн цалингаасаа хуримтлал үүсгэн ажилладаг байжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч өөрийн гэсэн байнгын орлоготой болохын тулд хорооллын «Булаг» багт төв зам дагуу, хүн амын байршил сайтай хашааг худалдан авч хүнсний мухлаг ажиллуулж эхэлсэн. Үүндээ тулгуурлан бизнесээ өргөжүүлж 2003 онд «Бүрэн» нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр болгон ажиллуулсан байна. Мөн туслах аж ахуй эрхлэх зорилгоор ГЭР Санаачлага төслөөс төмс хүнсний ногоо тариалах гарын авлагыг авч, сургалтанд суусан.

Түүгээр ч зогсохгүй тэрээр дагалдах бизнестэй болохын тулд байраа зарж, 2006 онд Булганы Бугат суманд 1 га газар худалдан авч газар тариалалтын ажлыг эхлэн хашаандаа 6*4м-ийн хүлэмж, 6*6 м-ийн хэмжээтэй зоорь, өөрийн амьдрах орон сууцыг барьжээ.
Төмс нарийн ногоог нөөцлөн үнэд орсон үед нь борлуулахад ашигтай байдаг тул зоорь маш чухал гэдгийг тэрээр мэдэж байлаа. Мөн өөрийн амьжиргаанд нэмэр болгох зорилгоор 2007 онд 10 тахиа авч үржүүлсэн нь одоо 60 гаруй өндөглөгч тахиатай болоод байгаа бөгөөд тодорхой хэмжээний орлого олох боломжтой болсон.
2002 онд байранд цалингаас цалингийн хооронд амьдарч байсан бол бизнес хийхээр зориг шулуудаж, шийдвэртэй алхам хийснээр одоо 3 төрлийн бизнестэй болоод байна. Бизнесийн орлого зарлагаа сайн хөтөлж, төлөвлөгөөгөө зөв гаргасны үндсэн дээр тэрээр одоо ямар нэгэн банкны өр зээлгүй ажиллаж байгаа юм. Мөн бизнестээ ашиглах жижиг оврын трактор, дэлгүүрийн болон төмс хүнсний ногоог зөөвөрлөн тээвэрлэх өөрийн гэсэн Верна маркийн машин, тарьсан ногоог нөөцлөх зоорь, нарийн ногоо тарих хүлэмж, тахиа үржүүлэх тахианы байр, 8-н нэрийн хүнсний дэлгүүр зэрэгтэй болсон нь түүний уйгагүй хичээл зүтгэл, ажилcаг зан чанартай ч мөн салшгүй холбоотой юм.

  Түүнчлэн тэр ГЭР Санаачлага төсөлтэй байнга харьцаж, төслийн «Санаачлага» сонины гэрээт борлуулагч хийдэг. Сонины шинээр гарсан дугаар болгоныг алгасалгүй уншиж өөрийн бизнест хэрэгтэй мэдээллийг авч чаддаг. Тахиа үржүүлэх болон газар тариалангийн бизнесээ эхлүүлэхэд ГЭР Санаачлага төслөөс борлуулдаг «Тахиа үржүүлэхүй» гарын авлага болон бусад «Өрхийн аж ахуйн цагаан толгой», «Хүнсний ногоо ургуулах арга ажиллагаа» зэрэг номуудыг худалдан авч ашигласан нь ч үр дүнгээ өгчээ.
Нарийн ногоо тарих явцдаа тэрээр төслийн газар тариалан хариуцсан зөвлөх Хишигдаваагаас газар дээрх зөвлөгөө, сургалтыг байнга авдаг болсон. Ийнхүү бизнес нь амжилттай явагдсанаар түр болон байнгын ажлын байрыг нэмэгдүүлж байгаа аж. Одоо байнгын ажлын байранд өөрөөс нь гадна худалдагч 1, туслах аж ахуйн ажилтан 1, нийт 3 ажилтан ажиллаж байна. Газар тариалалтын ажил нь эхлэхээр түр ажлын байр нэмэгдэж, ажилгүй иргэдийг ногооны сахиул, ногоо хураагч, ялгагч зэрэг ажлын байраар хангадаг. Цаашид жимс жимсгэнэ, газар тариалангийн бизнестээ түлхүү анхаарч ажиллахыг зорьж байна.

Харилцагчийн хэлсэн үг: 
ГЭР Санаачлага төслөөс гаргадаг ном гарын авлага, сонин болон сургалт нь маш үр өгөөжтэй байдаг. Эдгээр мэдээллийг авч ашигласнаар би 1 га газар худалдан авч төмс хүнсний ногоо тариалж өөрийн гэсэн зоорь барьж нөөцлөн зарж эхэлсэн. Мөн тахиан аж ахуйгаа улам бүр өргөжүүлэн эрхлэх хүсэлтэй байгаа. Одоо 60 гаруй тахиатай.

mnMN