Буцах
Нийгэм, Эв Нэгдлийн Эдийн Засгийг Монголд нутагшуулах нь

Нийгэм, Эв Нэгдлийн Эдийн Засгийг Монголд нутагшуулах нь

“Дэлхийн ЖДҮ Өдөр-2023” үзэсгэлэн худалдаа, нээлттэй өдөрлөг арга хэмжээний хүрээнд Монгол дахь нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн талаарх мэдээлэл түгээх, ойлголтыг сайжруулах зорилготой гэр асар ажиллан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжилд нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн байгууллагуудын оруулах хувь нэмэр, боломжуудыг хэлэлцлээ.

“Дэлхийн Жижиг, Дунд Үйлдвэрлэл – 2023” өдрийг тохиолдуулан “Нийгэм, Эв Нэгдлийн Эдийн Засаг (НЭНЭЗ)-ийг бэхжүүлэх нь” төслийн үндэсний зөвлөх “Хөгжлийн шийдэл” ТББ 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд ажиллаж буй гэр асарт үндэсний зөвлөх хорооны гишүүд болон бусад оролцогч талуудыг урин танилцуулах уулзалт зохион байгууллаа.

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын ахлах зөвлөх Э.Бат-Орших оролцогч талуудад төслийн явц, хэрэгжилтийг танилцуулан 2022 оны 6-р сард зохион байгуулагдсан Олон Улсын Хөдөлмөрийн 110 дугаар бага хурлаар батлагдсан Зохистой Хөдөлмөр Эрхлэлт ба Нийгэм, Эв Нэгдлийн Эдийн Засгийн тухай тогтоол болон НҮБ-ын Тогтвортой Хөгжлийг дэмжих Нийгэм, Эв Нэгдлийн Эдийн Засгийн Тогтоол зэрэг бодлогын баримт бичгүүдийн хүрээнд тус төсөл амжилттай хэрэгжиж буйг цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн, НЭНЭЗ-ийн байгууллагууд (хоршоо, холбоо, нөхөрлөл, сан, хамтын нийгэмлэг, нийгмийн аж ахуйн нэгж, өөртөө туслах бүлэг)-ын үүрэг, оролцоог бэхжүүлэх, бодлогын түвшинд дэмжин ажиллахад Үндэсний Зөвлөх Хорооны гишүүн байгууллагууд болон бусад холбогдох төрийн байгууллага, агентлагуудын оролцоо, идэвх санаачлага чухал үүрэгтэй гэдэгт оролцогч талууд санал нэгдсэн.

Манай улсын хувьд “Нийгэм, эв нэгдлийн эдийн засаг” буюу НЭНЭЗ нэр томъёо, агуулгын хувьд цоо шинэ бөгөөд Монгол хэлэнд зөв буулган нутагшуулахад анхааран ажиллахыг зөвллөө.

Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны төлөөлөгч нийгэм, эв нэгдлийн эдийн засаг гэх энэхүү ойлголтын зарчим, үнэт зүйлсийг хадгалан, Монгол хэлэнд ойлгомтой нэр томъёог ашиглан тодорхойлох, нутагшуулах санал илэрхийлэв. Тэрээр мөн “НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийг дэмжих Нийгэм, эв нэгдлийн эдийн засгийн тогтоол”-ыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүллээ.

ОУХБ-ын Хятад, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захиралтай үндэсний зөвлөх санал солилцов

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Хөгжлийн шийдэл” ТББ-аас судалгааны эхний үе шатанд оролцсон 156 НЭНЭЗ-ийн байгууллагуудын анализ, дүн шинжилгээ ба дараагийн шатны кейс судалгааны үр дүнгээс түүвэрлэн танилцууллаа. Монголын НЭНЭЗ-ийн байгууллагууд нийгэм, байгаль орчинд тулгамдаж буй асуудал, сорилтыг хэрхэн хамтын хүчээр даван туулж эдийн засгийн хувьд хөгжин тэлэх боломжтойг кейс судалгааны үр дүнгээс харагдаж байгаа юм.

Үндэсний зөвлөх хорооны гишүүд, оролцогчдод НЭНЭЗ-ийн талаарх танилцуулга

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн Яамны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ази дахь Нийгэм, Эв Нэгдлийн Эдийн Засгийг Бэхжүүлэх нь” төслийн хоёр дахь үе шат нь НЭНЭЗ-ийн байгууллагуудын зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг судлах, Ази, Номхон далайн таван улс болох Камбож,  Киргизстан,Монгол, Тайланд, Вьетнамд бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой юм.

ILO topic portal on Social and Solidarity Economy 


mnMN