БАРИЛГЫН САЛБАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА
ТАНИЛЦУУЛГА
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АНУОУХА)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.
BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Зорилт 1. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
- Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
- Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
- Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
- Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.
Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 аймагт хэрэгжүүлж байна.
СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ БА АЖЛЫН ХҮРЭЭ
АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөр нь жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн компанийн засаглалыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд тэдэнд тулгамдаж буй асуудлыг илүү сайн ойлгох, дата мэдээлэлд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс ЖДБ-ийн өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлт зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.
Энэхүү судалгааны зорилго нь барилгын салбар дахь жижиг, дунд бизнес бизнесийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг салбарын түвшинд тодорхойлох, салбарын хөгжих боломж, санал шийдлийг тодорхойлох юм. Тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхой түвшинд ангилах буюу нэг талаар үйл ажиллагаа, бизнес хөгжлийг салбарын мэргэжлийн холбоогоор дамжуулан дэмжих, сайжруулах боломж, нөгөө талаар салбарын хөгжлийг хурдасгах төрийн бодлого хөтөлбөртэй холбоотой дэмжлэг, шийдлийг оролцооны аргаар томьёолон боловсруулах зорилгоор энэхүү судалгаа хийгдэж байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд:
- Монгол Улсын хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн нөхцөл байдлыг судлах. Үүнд, барилгын материалын үйлдвэрлэлтэй холбоотой бизнес эрхлэгч, ЖДБ-ийн үйл ажиллагааны цар хүрээ, импортыг орлох хүчин чадал, нөөц боломж, эрэлт, нийлүүлэлтэд дүн шинжилгээ хийн нөхцөл байдлыг тодорхойлох
- Барилгын салбар, тэр дундаа барилгын материал, түүхий эд үйлдвэрлэгч жижиг, дунд бизнесийг дэмжих төрийн бодлого, хөтөлбөр ба түүний хэрэгжилт, үр дүнг баримт бичгийн болон анхдагч судалгааны аргаар судлах. Төрөөс хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг барилгын салбар дахь бизнес эрхлэгч, барилгын үйлдвэрлэлийн болон туслан гүйцэтгэгч компаниуд хүртсэн байдал, салбарын хөгжилд оруулсан өөрчлөлт, хувь нэмэр ямар түвшинд байгааг тодорхойлох.
- Барилгын салбар дахь импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого зохицуулалтын талаас болон бизнес эрхлэгч талаас гаргаж буй санал, шийдлийг нэгтгэн боловсруулах. Импортыг орлох түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, хөгжилд салбарын мэргэжлийн холбоод болон холбогдох байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, дэмжих боломж
- Барилгын салбар дахь том, дунд, жижиг бизнесүүд (туслан гүйцэтгэгч компаниуд г.м) хоорондын бизнес харилцаа, хамтын ажиллагаа, түүнд тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүд, цаашид хамтран хөгжих боломж, давуу талыг нарийвчлан судлах.
- Барилгын салбарын тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцэх, шийдвэрлэхэд нэгдсэн байдлаар манлайлан оролцох иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо хэрхэн хөгжиж буй байдал, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын гүүр болох чадамж, нөөц боломжийг судлан зөвлөмж боловсруулах
- Барилгын салбарын бизнесүүдэд тулгамдаж буй асуудал, боломжуудыг тодорхойлсон дүн шинжилгээний үндсэн дээр цаашид анхааран ажиллах зөвлөмж боловсруулах. Тус зөвлөмжийг BEST хөтөлбөр, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод гэсэн байгууллагууд зориулан боловсруулах.
- BEST хөтөлбөр болон барилгын салбарын оролцогч талуудтай хамтран судалж буй асуудлын хүрээнд хөгжүүлэх хөтөлбөр боловсруулахад хамтран санал оруулах
СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ БА АРГАЗҮЙ
Судалгааны дизайн боловсруулахдаа дараах аргуудыг хослуулан санал боловсруулж болох ба үүнд; (i) баримт бичгийн судалгаа буюу уг санал болгож буй аргачлал, мэдээлэл цуглуулалтыг нарийвчлан судлах, цуглуулсан мэдээллүүдийг боловсруулах, дүн шинжилгээ хийх аргачлал, аргазүйг судлах. Мөн баримт бичгийн судалгааны хүрээнд дээр дурдсан бизнес загвар, орчны шинжилгээнээс гадна холбогдох хууль эрх зүйн орчин, бодлого хөтөлбөртэй уялдуулан судлах; (ii) түүвэр буюу тоон судалгаа болон чанарын судалгаа хийх, (iii) цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийж, стратегийн хувилбарууд, оновчтой шийдлүүдийг боловсруулан тайланд тусгах.
Санал ирүүлэх зөвлөх байгууллага уламжлалт загвараас өөр дизайн арга зүй санал болгож болно.
СУДАЛГААНЫ ТҮҮВЭРЛЭЛТ БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ
Тоон болон чанарын судалгааны хосолсон аргазүйн дагуу мэдээлэл цуглуулалтыг зохион байгуулахдаа орчин үеийн платформ ашиглан дата хяналт хийх аргачлалыг Техникийн саналдаа тусгах.
Судалгаа BEST хөтөлбөр хэрэгжиж буй Улаанбаатар хот болон 12 аймгийг хамарна. Анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулах аргын хүрээнд судалгааны асуумжийг боловсруулан ажиллах ба асуумжийг захиалагч талтай хамтран туршилт судалгаагаар сайжруулах байдлаар явна.
Судалгааны ажлыг 2023 оны 10 сараас эхлэн 8 долоо хоногийн хугацаанд гүйцэтгэнэ. Судалгааны эхлэх болон үргэлжлэх хугацаанд өөрчлөлт орох боломжтой.
АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА
Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:
№ | Ажил үйлчилгээ | Тооцоолсон ажлын долоо хоног | Төсвийн гүйцэтгэл |
1. | Эхлэлтийн тайлан /Судалгааны аргазүй, асуумж, төлөвлөгөө боловсруулах/ | 2 долоо хоног | 40% |
Баримт бичгийн болон хоёрдогч эх үүсвэрийн судалгаа | |||
2. | Талбарын мэдээлэл цуглуулалт ба явцын тайлан /Талбарын мэдээлэл цуглуулалт, ажлын явц г.м/ | 3 долоо хоног | 30% |
Драфт тайлан | 2 долоо хоног | ||
3. | Эцсийн тайлан нь Монгол болон Англи хэл дээр байна. Тайлангийн хавсралтаар:o Тайлангийн үр дүнг нэгтгэсэн товч презентац буюу ppt
o Судалгааны үндсэн дата (excel.docx болон spss)-г хүлээлгэн өгөх o Чанарын судалгааны асуулгын дагуу нэгтгэн нэг форматад оруулсан мэдээлэл (word.docx) |
1 долоо хоног | 30% |
Нийт | 8 долоо хоног | 100% |
ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Нийгэм, бизнес, эдийн засаг, ЖДҮ сектор, олон улсын төсөл хөтөлбөр, барилгын салбарын судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м).
- Барилгын салбарын хөгжил, зах зээл, төлөв байдал, нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийн хөгжил зэрэг агуулгын хүрээнд тоон болон баримт бичгийн, чанарын судалгаа хийж байсан туршлагатай байх.
- Барилгын салбарын чиглэлээр зөвлөх үйлчилгээ, судалгаа, үнэлгээ хийх ур чадвартай мэргэшсэн мэргэжилтнүүдтэй байх.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Тус судалгааг зохион байгуулах баг нь барилгын салбарын мэдлэг, туршлагатай 5 хүртэл гишүүдтэй байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, чанарын хяналтыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэгтэй.
Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:
- Эдийн засаг, төслийн менежмент, барилгын инженер, барилгын менежмент зэрэг чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Дээр дурдсан салбарт 10-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Барилгын салбарын хөгжлийн хүрээнд, тэр дундаа импортыг орлох барилгын материал үйлдвэрлэл, төсөл, судалгааны ажил дээр ажиллаж байсан туршлагатай, тайлан дүгнэлт хийх бичгийн өндөр чадвартай байх.
- Барилгын салбарын ЖДБ эрхлэгчдэд зориулан сургалт, үйл ажиллагаа явуулж байсан, холбогдох хөгжүүлэх хөтөлбөр, материал боловсруулах туршлагатай байх.
- Тус судалгаанд шаардлагатай баримт бичгийн болон тоон, чанарын судалгааны арга ашиглан анхдагч болон хоёрдогч дата мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлыг удирдан ажиллаж байсан туршлагатай (хамгийн багадаа ижил төрлийн 5 ба түүнээс дээш судалгааны ажил удирдаж байсан);
- Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;
- Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх;
- Барилгын салбарын хөгжил, зах зээл, төлөв байдал, нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийн хөгжил зэрэг чиглэлээр салбарын оролцогч талуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх эсвэл кейс судалгаа хийж зөвлөмж боловсруулж байсан бол давуу тал болно;
- Олон улсын төсөл хөтөлбөр, донор байгууллагуудтай ижил төстэй судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Судалгааны багт тавигдах шаардлага:
- Судалгааны баг нь судлаачдын тоо, үүрэг оролцоог тодорхой тусгасан багийн бүрэлдэхүүнийг санал болгох;
- Барилгын салбарын чиглэлээр зөвлөх, барилгын салбарын цаашдын хөгжлийн гарц шийдлийг тодорхойлоход дэмжин ажиллах зөвлөх эсвэл ахлах судлаачтай байх;
- Судалгааны багт эдийн засаг, төслийн менежмент, барилгын инженер, барилгын менежмент зэрэг чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй, 10 хүртэл жилийн ажлын туршлагатай мэргэжлийн зөвлөх санал болгох;
- Мөн судалгааны багийн үндсэн судлаачид нь нийгэм, эдийн засаг, бүсчилсэн хөгжил, барилгын салбарын хөгжлийн судалгааны чиглэлээр 5 хүртэл жилийн ажлын туршлагатай, хамгийн багадаа ижил төрлийн болон бусад холбогдох 3 хүртэл судалгааны багт ажилласан туршлагатай байх;
- Судалгааны багийн гишүүд нь дээр дурдсан чиглэлээр тоон болон чанарын судалгааны талбарын мэдээлэл цуглуулалт, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага хийж байсан туршлагатай байх
- Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх
- Англи, Монгол хэлний аман болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх /үндсэн багийн гишүүдэд хамааралтай/
ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ
Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:
Техникийн санал [30 хуудаснаас хэтрэхгүй]
- Энэхүү ажлын даалгаврын хүрээнд хийгдэх судалгааны ажлын санал болгож буй аргазүй, мэдээлэл цуглуулах аргачлал зэргийг нарийвчлан тусгасан техникийн санал.
- Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тодорхой тусгах.
- Судалгааг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, нарийвчилсан төлөвлөгөө /долоо хоногоор/.
- Барилгын салбарын хөгжил болон бусад ижил төрлийн судалгаа, үнэлгээний чиглэлийн ажлын туршлагыг тусгасан байгууллагын танилцуулга.
- Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрд хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-г хавсаргах (Анкет бүр 5 хуудаснаас хэтрэхгүй байх).
- Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгааны ажлын тодорхойлолт гурав (3)-ыг хавсаргах. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх ёстой.
Үнийн санал
Санал ирүүлж буй байгууллага нь ажлын даалгаврын цар хүрээнд үндэслэн үнийн саналаа 60,000,000 төгрөгт багтаан ирүүлнэ. Үнийн саналын задаргаа ирүүлэх загварыг Хөгжлийн Шийдэл ТББ-ын вэбсайтаас татаж авах боломжтой. Энд дарж татаж авна уу.
Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org “Барилгын салбарын нөхцөл байдлын судалгаа” нэртэйгээр 2023 оны 10 сарын 24-ний өглөөний 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ
Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:
- Техникийн санал (үнэлэх жин: 50 оноо)
- Барилгын салбарын нөхцөл байдлын судалгааны ажлын даалгаврыг ойлгож оновчтой, зөв арга зүй, аргачлал тусгасан байдал (20 оноо)
- Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан байдал (10 оноо)
- Нийгэм, бизнес, эдийн засаг, ЖДҮ сектор, олон улсын төсөл хөтөлбөр, барилгын салбарын судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м) (10 оноо)
- Судалгааг гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө ба багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, чанарын тогтолцоог тусгасан байдал (10 оноо)
- Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 50 оноо)
- Багийн ахлах ба үндсэн багийн гишүүдийн эдийн засаг, бизнес хөгжил, төслийн менежмент, барилгын инженер, барилгын менежмент зэрэг мэргэжлийн зэрэг, цол (10 оноо)
- Багийн ахлах нь эдийн засаг, төслийн менежмент, барилга хөгжлийн салбарт 10-с дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай. Барилгын салбарын хөгжлийн хүрээнд, тэр дундаа импортыг орлох барилгын материал үйлдвэрлэл, төсөл, судалгааны ажлын туршлага, ур чадвар.
Судалгааны үндсэн баг нь барилгын салбарын хөгжил, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч ЖДБ-тэй холбоотой судалгаа, үнэлгээ болон хөгжүүлэх хөтөлбөр, зөвлөмж боловсруулж байсан туршлага. Баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай, судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан ( 30 оноо)
- Барилгын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж боловсруулж байсан туршлага (салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байсан нийтлэл, боловсруулж байсан тайлан, мэдээ г.м) (10 оноо)
Багийн бүх гишүүд нь судалгааны туршид Монгол Улсад оршин суудаг байх шаардлагатай. Техникийн эцсийн үнэлгээний дараа (дээр дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн зардлын саналыг нээж, үнэлнэ. 50 онооноос доош техникийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Үнэлэхдээ техникийн саналын 70%, үнийн санал 30%-аар жинлэнэ.