Цэвэр технологийн чиглэлээр ажиллах ментор, шүүгч, зөвлөхүүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал боловсруулах зөвлөх үйлчилгээ
Зардлын төв: GCIP Mongolia
Төсөл: “Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох”
Хэрэгжүүлэх байгууллага: Хөгжлийн Шийдэл ТББ
Хэрэгжих газар: Улаанбаатар хот (шаардлагатай тохиолдолд цахим болон танхимын хосолсон хэлбэрээр)
1. Үндэслэл
GCIP Mongolia төсөл нь Монгол Улсад өндөр үр нөлөө бүхий цэвэр технологийн инновац, энтрепренершипийг дэмжих, цэвэр технологийн экосистемийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, ногоон ажлын байр нэмэгдүүлэх зорилготой хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд цэвэр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй стартап, бичил, жижиг, дунд бизнесүүдийг сонгон шалгаруулж, хурдасгуур хөтөлбөр, менторшип, зөвлөх үйлчилгээ, сургалт, хөрөнгө оруулалтын бэлтгэл, бизнесийн өсөлтийг дэмжих цогц хөтөлбөрт үе шаттай хамруулж байна.
Хөтөлбөрийн чанар, ил тод байдал, үр нөлөөг хангахын тулд цэвэр технологийн чиглэлээр ажиллах ментор, шүүгч, зөвлөхүүдийг сонгон шалгаруулах нэгдсэн, стандартчилсан шалгуур үзүүлэлт болон үнэлгээний аргачлал боловсруулах шаардлага бий болсон.
Энэхүү шалгуур, аргачлал нь зөвхөн мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагыг үнэлэхээс гадна Монгол Улсын хөгжлийн бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн зорилт, жендерийн тэгш оролцоо, нийгмийн хүртээмж, байгаль орчин, нийгмийн хариуцлагын зарчимтай уялдсан байх шаардлагатай.
GCIP Mongolia хөтөлбөрийн хүрээнд ментор, шүүгч, зөвлөхүүд нь стартап болон ЖДБ-үүдийн бизнес, технологийн чадавхыг үнэлэх, сургалт, менторшип, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалтын бэлтгэл хангахад дэмжлэг үзүүлэх, сонгон шалгаруулалт болон үнэлгээний үйл явцад оролцох зэрэг чухал үүрэг гүйцэтгэнэ.
Иймээс тэдгээрийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт нь холбогдох үндэсний бодлого, салбарын стандарттай нийцсэн, хэрэглэхэд ойлгомжтой, нэг мөр байх ёстой.
Үүнд хүнсний аюулгүй байдал, HACCP, тогтвортой үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, ногоон хөгжил, уур амьсгалын бодлого, инновац, дижитал хөгжил, жендерийн мэдрэмжтэй үнэлгээ, байгаль орчин, нийгмийн удирдлага, гарааны бизнес болон ЖДБ-ийн өсөлтийг дэмжих зөвлөх үйлчилгээний чиглэлүүд хамрагдана.
Иймд энэхүү техникийн даалгаврын хүрээнд GCIP Mongolia төслийн хэрэгцээнд нийцсэн, олон талын оролцоог хангасан, нотолгоонд суурилсан, жендерийн мэдрэмжтэй, стандартчилсан сонгон шалгаруулалтын удирдамж болон шалгуур үзүүлэлтийн иж бүрэн багц боловсруулах зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах шаардлагатай байна.
2. Зорилго
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь GCIP Mongolia төслийн хүрээнд цэвэр технологийн чиглэлээр ажиллах ментор, шүүгч, зөвлөхүүдийг сонгон шалгаруулах нэгдсэн удирдамж, шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлал болон холбогдох баримт бичгийн иж бүрэн багцыг боловсруулж, төслийн удирдлагад батлуулахад оршино.
Зөвлөх үйлчилгээний үр дүнд:
- ментор, шүүгч, зөвлөхүүдийн үүрэг, чиг үүргийн хүрээ тодорхой ялгагдан тодорхойлогдоно;
- техникийн, санхүүгийн болон жендерийн зөвлөхүүдэд тавигдах үндсэн болон тусгай шалгуур боловсруулагдана;
- үнэлгээний онооны матриц, нотлох баримтын жагсаалт, ашиглах заавар, үнэлгээний хуудас болон сонирхлын зөрчил, нууцлалын шаардлагыг агуулсан иж бүрэн баримт бичгийн багц бий болно;
- шалгуур үзүүлэлтүүд нь GCIP Mongolia төслийн зорилго, Монгол Улсын холбогдох бодлого, стандарт болон жендерийн болон байгаль орчин, нийгмийн шаардлагатай бүрэн уялдана;
- төслийн зүгээс цаашид ашиглах, шинэчлэх болон хэрэгжүүлэх боломжтой стандартчилсан сонгон шалгаруулалтын удирдамж бэлэн болно.
3. Хийх ажил болон хүлээгдэж буй үр дүн
| Ажлын үүргийн агуулга | Шалгуур үзүүлэлт | Хүлээгдэж буй үр дүн |
|---|---|---|
| GCIP Mongolia төслийн хөтөлбөрийн загвар, үйл ажиллагааны үе шат болон ментор, шүүгч, зөвлөхүүдийн оролцооны хэрэгцээ, чиг үүргийг судалж дүн шинжилгээ хийх | Баримт бичгийн тойм; чиг үүргийн зураглал; дүн шинжилгээний тэмдэглэл | GCIP Mongolia төслийн хүрээнд ментор, шүүгч, зөвлөхүүд ямар үе шатанд, ямар чиг үүргээр, ямар шалгуураар оролцох шаардлагатайг тодорхойлсон суурь дүн шинжилгээ хийгдсэн байна. Тэдгээрийн үүргийн ялгаа, уялдаа болон сонгон шалгаруулалтын хэрэгцээ тодорхой болсон байна. |
| Цэвэр технологийн чиглэлээр ажиллах ментор, шүүгч, зөвлөхүүдийн ангилал, профайл, үндсэн болон тусгай шалгуур үзүүлэлтийг боловсруулах | Шалгуур үзүүлэлтийн төсөл; профайлын ангилал; онооны логик | Техникийн, санхүүгийн, жендерийн болон шаардлагатай бусад чиглэлийн ментор, шүүгч, зөвлөхүүдэд тавигдах боловсрол, мэргэжлийн туршлага, салбарын мэдлэг, зөвлөх үйлчилгээний ур чадвар, ёс зүй, нууцлал болон ашиг сонирхлын зөрчилгүй байдлын шалгуур үзүүлэлтүүд боловсруулагдсан байна. |
| Шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын бодлого, эрх зүй, салбарын стандарт болон цэвэр технологийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулах | Нийцлийн хүснэгт; бодлого, стандартын эшлэл; холбогдох тайлбар | Шалгуур үзүүлэлтүүд нь хүнсний аюулгүй байдал болон HACCP, тогтвортой үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, ногоон хөгжил, уур амьсгалын бодлого, инноваци болон дижитал хөгжил зэрэг чиглэлээр Монгол Улсын холбогдох бодлого, стандарт болон зохицуулалтын орчинтой бүрэн уялдсан байна. |
| Сонгон шалгаруулалтад жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалтгүй хандлагыг нэвтрүүлэх аргачлал боловсруулах | Жендерийн шалгуур; аргачлалын тайлбар; үнэлгээний шаардлага | Сонгон шалгаруулалтын удирдамжид жендерийн мэдрэмжтэй хандлага тусгагдаж, эмэгтэй мэргэжилтэн, орон нутгийн эксперт болон олон талт төлөөллийг оролцуулах боломжийг дэмжсэн, тэгш оролцоо болон хүртээмжийг хангасан үнэлгээний зарчим тодорхой болсон байна. |
| Ментор, шүүгч, зөвлөхүүдийг сонгон шалгаруулах стандартчилсан удирдамж боловсруулах | Удирдамжийн төсөл; батлуулах хувилбар | Сонгон шалгаруулалтын зорилго, хамрах хүрээ, үе шат, оролцогчдын үүрэг, материал хүлээн авах, үнэлгээ хийх, shortlisting, ярилцлага, дүгнэлт гаргах, баталгаажуулах болон баримтжуулах дарааллыг тодорхойлсон нэгдсэн стандартчилсан удирдамж боловсруулагдсан байна. |
| Үнэлгээний матриц, онооны хүснэгт, баримт бичиг шалгах хуудас, ярилцлагын асуулт болон үнэлгээний загвар маягтуудыг боловсруулах | Үнэлгээний матриц; онооны хуудас; checklist; interview sheet | Төслийн баг шууд ашиглах боломжтой үнэлгээний матриц, баримт бичиг шалгах хуудас (checklist), ярилцлагын үнэлгээний загвар болон онооны нэгтгэл маягт зэрэг бүрэн баримт бичгийн багц боловсруулагдсан байна. |
4. Хүлээгдэж буй бүтээгдэхүүн
Зөвлөх үйлчилгээний эцэст дараах бүтээгдэхүүнүүд боловсруулагдсан байна:
- Суурь дүн шинжилгээний тайлан — ментор, шүүгч, зөвлөхүүдийн оролцооны хэрэгцээ болон чиг үүргийн ялгааг тодорхойлсон;
- Шалгуур үзүүлэлтийн багц — ангилал тус бүрээр үндсэн болон тусгай шалгуур, онооны жин болон нотлох баримтын жагсаалтыг агуулсан;
- Стандартчилсан сонгон шалгаруулалтын удирдамж — зорилго, үе шат, оролцогчдын үүрэг болон явуулах дарааллыг бүрэн тусгасан;
- Үнэлгээний хэрэгслүүдийн багц — үнэлгээний матриц, баримт бичиг шалгах хуудас (checklist), ярилцлагын үнэлгээний загвар болон онооны нэгтгэл маягт;
- Хүлээлгэн өгөх тайлан — бүх материалыг хэрхэн ашиглах, хэнд болон ямар хэлбэрээр хэрэглэх талаарх товч тайлбар болон заавар.
5. Нийлүүлэгчид тавигдах шаардлага
| Шаардлага | Тодорхойлолт | Нотлох баримт |
|---|---|---|
| Хуулийн этгээд байх | Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй, хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй байгууллага байна. | Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар |
| И-баримт олгох боломжтой байх | НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн, санхүүгийн баримтыг цахим (и-баримт) системээр олгох боломжтой байна. | НӨАТ төлөгчийн гэрчилгээ |
| Зөвлөх үйлчилгээний туршлагатай байх | Судалгаа, үнэлгээ, шалгуур үзүүлэлт боловсруулах, сонгон шалгаруулалтын аргачлал болон бодлогын баримт бичиг боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай байна. | Байгууллагын танилцуулга; өмнөх ажлын туршлагын мэдээлэл |
| Мэргэшсэн баг бүрдүүлсэн байх | Цэвэр технологи, бизнес хөгжил, санхүү, жендер болон Монгол Улсын холбогдох бодлого, стандартын чиглэлийн мэргэжилтнүүдийг багтаасан байна. | Багийн гишүүдийн CV, диплом, сертификат |
6. Материал ирүүлэх журам
Тавигдах шаардлагыг хангасан байгууллага дээр дурдсан материалыг монгол хэлээр бэлтгэн НЭГ PDF болгон, тогтоосон хугацаанд цахимаар ирүүлнэ. Цахим шуудангийн гарчиг хэсэгт дараах байдлаар бичнэ: “GCIP Mongolia_[Байгууллагын нэр]”
Материал хүлээн авах цахим шуудангийн хаяг : enkhtuvshin@dsmongolia.org
| Үйл явдал | Огноо |
|---|---|
| Сонгон шалгаруулалтын зар нийтлэх, санал хүлээн авах | 2026.03.26 – 2026.04.06 |
| Гэрээ байгуулах | 2026.04.10 |
| Зөвлөх үйлчилгээ үзүүлэх, эцсийн үр дүн хүлээлгэн өгөх | 2026.04.30 |
7. Төлбөр, тооцоо
| Хувь | Хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн / үе шат |
|---|---|
| 30% | Гэрээ байгуулж, нарийвчилсан ажлын төлөвлөгөөг захиалагчид хүргүүлсний дараа. |
| 40% | Сургалтын хөтөлбөрийн эхний багц болон холбогдох материалын төслийг боловсруулж захиалагчид хүргүүлсний дараа. |
| 30% | Эцсийн бүрэн багц болон хүлээлгэн өгөх тайлан хүргүүлснээр |
