Ногоон болон нийгмийн энтрепренер залуучуудыг дэмжихийг уриалсан бодлогын зөвлөмжийг Залуу Бизнесийн Олон Улсын Сүлжээ (YBI) болон Хөгжлийн Шийдэл ТББ-ын зүгээс хамтран гаргалаа.
Youth Business International (YBI) нь Монгол дахь гишүүн болох Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран боловсруулсан бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Үүгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох залуу удирдлагатай ногоон болон нийгмийн энтерпрайзуудыг дэмжин ажиллахад хамтын нэгдсэн хүчин чармайлт гаргахыг уриалж байна.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын мэдээлснээр дэлхийд 10 сая орчим нийгмийн энтерпрайзууд үйл ажиллаагаа явуулдаг бөгөөд жил бүр ойролцоогоор 2 их наяд ам.долларын орлого олж, бараг 200 сая ажлын байр бий болгож байгаа нь эдийн засгийг шинэ замаар өөрчлөх боломжтойг илтгэж байна. Эдгээр алсын хараатай залуучууд уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тэгш бус байдал зэрэг сорилтуудыг даван туулах онцгой байр суурьтай бөгөөд ихэнхдээ өөрсдийн үнэт зүйлс, олон нийтийн хэрэгцээг тусгасан шинэлэг шийдлүүдийг хөгжүүлдэг. Гэсэн хэдий ч тэд санхүүжилтийн хязгаарлагдмал хүртээмж, хэрэглэгчдийн уламжлалт брэндэд үнэнч байдал, шинэ зах зээлд нэвтрэх, бизнесийн өсөлтөд саад болохуйц бодлогын зохицуулалт, тогтолцоо зэрэг нэлээдгүй саад бэрхшээлтэй тулгардаг.
Ногоон болон нийгмийн энтрепренер залуучуудад тулгарч буй дээрх сорилтууд болон тэдэнд тохирсон дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгааг авч үзсэний үр дүнд, YBI нь Африк, Ази, Европ, Карибын тэнгисийн орнуудаас есөн гишүүн байгууллагуудтайгаа (энтерпрайзуудыг дэмжин, хөгжүүлэгч) хамтран Ногоон болон Нийгмийн Энтрепренершипийн багц хэрэглэгдэхүүнийг боловсруулан танилцуулсан. Энэхүү багцыг ногоон болон нийгмийн энтрепренерүүдийг дэмжихэд юу болж, юу болохгүй байгаа тал дээр YBI болон гишүүдийн мэдлэг, туршлагаар баяжуулан хөгжүүлж, энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх сонирхолтой энтерпрайзуудыг дэмжигч байгууллагуудад (ESOs) зориулсан. Дөрвөн тивийн YBI-ийн гишүүдтэй хамтран бүтээсэн уг багцыг янз бүрийн улс орны нөхцөлд ажиллаж буй ногоон болон нийгмийн энтрепренер залуучуудад байнгын хэрэгцээтэй, ашиглагдахуйц байлгахад анхаарсан. Энэхүү багцад нийгмийн энтрепренерийн хувь хүний хөгжил, нийгмийн болон ногоон бизнесийн санаа, бизнесийн загвар, бизнесийн баталгаажуулалт, хууль эрх зүйн болон санхүүгийн тогтолцоо, нөлөөллийн хэмжилт гэсэн зургаан үндсэн чиглэлийн хэрэглэгдэхүүнийг, ашиглах зааврын эмхэтгэн оруулсан.
Ногоон болон нийгмийн энтрепренер залуучуудыг тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжих эрч хүчтэй экосистемийг бий болгохын тулд YBI болон Хөгжлийн Шийдэл нь засгийн газар, санхүүгийн байгууллага, хөгжлийн агентлагуудад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Хөрөнгө оруулалтын зориулалтын сангуудыг бий болгох: Ногоон болон нийгмийн бизнес эхлүүлж буй залуу бизнес эрхлэгчдэд чиглэсэн засгийн газрын болон олон улсын сангуудыг бий болгож, хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх;
- Тогтвортой үйлдвэрлэлд татаас олгох: Ногоон үйлдвэрлэлтэй холбоотой өндөр зардлыг нөхөхөд туслах санхүүгийн хөшүүргийг нэвтрүүлж, жижиг бизнесүүдэд эко тэмдэг авах боломжийг хялбаршуулах;
- Брдлогын зохицуулалт, тогтолцоог боловсронгуй болгох: Ногоон болон нийгмийн энтерпрайзуудыг дэмжих орчныг бүрдүүлэхэд тохирсон хууль эрх зүйн орчныг бий болгох;
- Нөлөөллийн хэмжилтийг стандартчилах: Бизнес эрхлэгчдэд үзүүлэх сургалт, санхүүгийн дэмжлэгийн зэрэгцээ бизнесийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг хэмжих, тайлагнах олон улсын жишиг арга барилыг нэвтрүүлэх;
- Ногоон ба нийгмийн энтерпренершипийг албан болон албан бус боловсролд тусгах: Ногоон болон нийгмийн бизнес эрхлэх ур чадварыг ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтын хөтөлбөрт тусгаж, ногоон болон нийгмийн энтерпрайзуудын талаарх мэдээллийг тогтмол цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах төлөвлөгөөг батлах;
“Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд энтрепренер залуучуудын ногоон болон нийгмийн бизнесийн загварыг урамшуулан дэмжих нь” бодлогын зөвлөмжийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.