Буцах
✨ “ЖДБ-д хөгжлийн бэрхшээлд ухаалаг менежментийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулах арга хэмжээ амжилттай боллоо.

✨ “ЖДБ-д хөгжлийн бэрхшээлд ухаалаг менежментийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулах арга хэмжээ амжилттай боллоо.

Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих сан (Canada Fund for Local Initiatives – CFLI)-гийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн Шийдэл ТББ санаачлан хэрэгжүүлж буй “ЖДБ-д хөгжлийн бэрхшээлд ухаалаг менежментийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

🎯 Төслийн зорилго:
Монголын Жижиг, дунд бизнесүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран халамжлагчдад ээлтэй, хүртээмжтэй орчин, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ухаалаг менежменттэй байгууллага болгон хөгжүүлэх.

➡️ Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асран хамгаалагчид болон туслахуудын хөдөлмөр эрхлэлтийн орчинд бодит өөрчлөлт авчрахыг зорьж байгаа бөгөөд Монгол улсад Нил ягаан болон Асрахуйн эдийн засгийн өөрчлөлт (Purple and Care Economy) хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.

📍 Хэрэгжих газар:

  • Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг

  • Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг

👥 Оролцогчид:
Нээлтийн үйл ажиллагаанд Канадын Элчин Сайдын Яам, Нийслэл болон Орон нутгийн холбогдох Төрийн болон Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн Иргэний нийгмийн байгууллагууд, Жижиг Дунд Бизнесийн төлөөлөл, банкны төлөөлөл тус тус оролцлоо.

    🎤   Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд ноён Стивен Дауст тус арга хэмжээг нээж үг хэлэхдээ:

“Канадын Орон нутгийн санаачилгыг дэмжих сангийн тэргүүлэх чиглэлийн нэг нь хүний эрхийг хамгаалж, дэмжихийн зэрэгцээ хүртээмжийг хүн бүрт хүргэхэд чиглэдэг.   Энэ жил Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн дунд жижиг, дунд бизнесийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид, туслахуудад илүү нээлттэй, хүртээмжтэй байхын ач холбогдлыг онцлон харгалзан үзэж энэхүү төслийг сонгон дэмжсэн” хэмээн онцоллоо.

    🎤  Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлсэн үгэндээ:

“Ажлын байрны тохиргооны шаардлага хангагдаагүй байдал, орчны саад бэрхшээл, нийгмийн болон эдийн засгийн хүндрэлүүд, мөн сэтгэлзүйн хүчин зүйлс нийлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн боломжийг хязгаарлаж байна. Энэ бүхнийг даван туулахын тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд энэхүү үйлсийг дэмжин ажиллана.” гэдгийг тэмдэглэлээ.

Арга хэмжээний үеэр төслийн үйл ажиллагааг оролцогч талуудад дэлгэрэнгүй танилцуулж, үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орчны судалгааг хийх, ЖДБ-үүдэд ухаалаг менежментийн аргачлалыг нэвтрүүлэхэд чадавхжуулах сургалт, менторшип дээр санал солилцов. Монголын жижиг, дунд бизнесүүдийн хүртээмжтэй хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөгжлийн бэрхшээлийг саад бус харин инновацын эх сурвалж гэдгийг тодорхой харуулах маш чухал төсөл ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.


mnMN