Back
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН СТРАТЕГИЙГ ЗАГВАРЧЛАХ НЬ СУДАЛГАА

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙН СТРАТЕГИЙГ ЗАГВАРЧЛАХ НЬ СУДАЛГАА

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-үүдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компаний засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь,и Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 аймагт хэрэгжүүлж байна.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО

“Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр нь 2023 оноос хөдөө аж ахуйн бизнес болон хүнсний аюулгүй байдлыг үйл ажиллагаандаа нэгтгэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2023 оны 1-р улиралд ХАА-н бизнесийн суурь судалгааг хөтөлбөр хэрэгжиж буй 12 аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй 800 аж ахуйн нэгжээс түүвэр судалгаа хийсэн. Тус түүвэр судалгаагаар ХАА-н бизнессүүдэд тулгамдаж буй хамгийн гол асуудал бол санхүүжилт ба санхүүжилтын боломж хязгаарлагдмал байдал гэсэн үр дүн гарсан.

Дээрх үр дүнд үндэслэн “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн стратегийг загварчлах нь” судалгааг хийх хэрэгцээ, шаардлага үүсч байна. Судалгааны зорилго нь ХАА-н салбарын онцлогт нийцсэн арилжааны банкны зээлийн бүтээгдэхүүн бий болгох үндсэн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд талуудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, банкны системд ХАА-г дэмжсэн зээлийн тусгайлсан нэгжийг байгуулахад шаардлагатай хууль, эрх зүйн орчин болон бусад арга хэмжээг хэрхэн үе шаттайгаар хөгжүүлэх боломжийг судалж нэвтрүүлэх, арга замыг тодорхойлоход оршино. Мөн ХАА-н бизнесийг дэмжих зээлийг олон улсад нэвтрүүлсэн сайн туршлагыг хууль эрхзүйн орчны болон банк санхүүгийн институцын гэсэн 2 түвшинд судлан нэвтрүүлэх боломж, шийдэл санал болгох. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн стратегийг загварчлах нь судалгааны үр дүнд суурилсан зөвлөмж боловсруулах буюу зөвлөмжийг хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг дэмжигч, хэрэгжүүлэгч байгууллагуудад зориулан гаргах юм.

СУДАЛГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ

  1. ХАА-н санхүүжилтийн сайн туршлага ба сургамж:
    1. Олон улс дахь ХАА-н бизнесийн дэмжих зээлийн хөгжил, нэвтрүүлэлт, сайн туршлагыг хамгийн багадаа 4-5 улсын жишээн дээр судлах. Уг судалгаанд хууль эрхзүйн орчин нөхцөл ба төрийн бодлого, дэмжлэгийг мөн хамруулах
    1. Монгол Улсын хувьд ХАА-н салбарын санхүүжилтийг дэмжих хууль эрхзүйн орчин, одоогоор хэрэгжиж буй (төр, төсөл хөтөлбөрүүдээс олгож буй) санхүүжилтийн механизмууд, хөнгөлттэй зээлүүд), зээлийг олгоход тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжуудыг судлах
  2. ХАА-н санхүүжүүлэлтийн хүртээмжтэй байдлын судалгаа:
    1. Арилжааны банкны салбарын тэргүүлэх чиглэл, түүнд ХАА-н бизнесийг дэмжих байдал хэрхэн тусгагдаж буйг судлах, чиг баримжааг тодорхойлох
    1. Монголын арилжааны банкуудын ХАА-н бизнесийг дэмжих зээлийн үйл ажиллагааны зураглал, зээлийн хэмжээ, чанар, хүртээмжийг судлах; Түүнийг олон улсын сайн туршлагатай харьцуулсан анализ хийх, зөвлөмж боловсруулах
    1. Арилжааны банкуудаас ХАА-н салбарын бизнесийг дэмжих шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн боломжийг нарийвчлан тодорхойлох, шинэ санаа дэвшүүлэх
  3. Зорилтот талуудад танилцуулах, түгээх
    1. ХАА-н бизнес хөгжлийг дэмжих, санхүүжилтийн стратегийг загварчлах судалгааны үр дүнг зорилтот талуудад танилцуулах, санал зөвлөмж хүргүүлэх

Судалгааны мэдээлэл цуглуулалт

Судалгааны үндсэн зорилгын хүрээнд ХАА-н салбарын төрийн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэх, дэмжигч байгууллагуудын төлөөллийг хамруулсан чанарын судалгааны аргыг ашиглан мэдээлэл цуглуулна. Тухайлбал,

  • Баримт бичгийн судалгаа хийх. Олон улсын сайн туршлага болон ХАА-н санхүүжилтийн өнөөгийн зураглалыг хоёрдогч судалгааны аргаар мэдээлэл цуглуулах ба мэдээллийн эх үүсвэрийг тодорхой дурдах
    • Оролцогч талуудыг хамарсан фокус бүлгийн ярилцлага (ФБЯ) болон ганцаарчилсан ярилцлагын арга ашиглах. Оролцогч талуудыг сонгох шалгуур үзүүлэлт тодорхой байх
    • Хагас загварчилсан асуумжийг боловсруулан оролцогч талуудтай ярилцлага хийх, дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг аргуудыг ашиглан мэдээлэл цуглуулах.

Судалгааны хугацааг 2023 оны 6 сараас эхлэхээр төлөвлөж байна. Судалгааны үргэлжлэх хугацаа 2.5 хүртэл сар байна. 

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА

Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

Ажил үйлчилгээ Тооцоолж буй хугацаа (долоо хоногоор) Төсвийн задаргаа
1. Баримт бичгийн судалгааны тойм, Судалгааны асуумжийг эцэслэх Ажил эхэлснээс 1 долоо хоногийн дараа   30%
1.1 Судалгааны асуумжийг чанарын судалгааны аргын дагуу боловсруулах
1.2 Судалгааны асуумжийг туршиж үзэх
1.3 Судалгааны асуумжийг эцэслэх, оролцогч талуудыг тодорхойлон гаргах
2. Судалгааны дата мэдээлэл цуглуулалт Ажил эхэлснээс 4 долоо хоногийн дараа   30%
2.1 Судалгааны явцын тайланг илгээх (word формат)
3 Тайлан боловсруулалт     40%
3.1 Судалгааны тайлангийн драфт хувилбар ирүүлэх Тайлангийн эцсийн хувилбарыг батлуулах загварын дагуу драфт тайланг (word doc) илгээх Тайлангийн эхний хувилбарын Монгол хэл дээр боловсруулах ба албан ёсоор захиалагч талаас эцэслэгдсэний дагуу Англи хувилбарыг боловсруулах Ажил эхэлснээс 8 долоо хоногийн дараа  
3.2 Судалгааны үр дүнг нэгтгэсэн эцсийн тайланг хүлээлгэн өгөх, танилцуулах Судалгааны өгөгдлийг захиалагчийн талд тохиролцсон форматын дагуу хүлээлгэн өгөхАнгли, Монгол хэл дээр судалгааны тайланг бэлтгэх Ажил эхэлснээс 10 долоо хоногийн дараа  
  Нийт 10 долоо хоног 100%

ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Нийгэм, эдийн засаг, банк санхүү, банк санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх
  • ЖДБ-ийн орчин, бүсчилсэн хөгжил, эдийн засаг, банк санхүүгийн чиг баримжаа, хөгжил, Алсын Хараа 2050 зэрэг агуулгын хүрээнд тоон болон баримт бичгийн, чанарын судалгаа хийж байсан туршлагатай байх
  • BEST хөтөлбөрийн хүрээнд хийсэн өмнөх судалгааны ажлууд дээр хамтран ажиллаж байсан бол хангалтгүй гэсэн үнэлгээ аваагүй байх

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус судалгааг зохион байгуулах баг нь нийгэм, эдийн засаг, банк санхүүгийн мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бүхий багийн ахлагчаар удирдуулсан баг байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, гүйцэтгэлийн чанарыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэг гүйцэтгэнэ.

Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, банк санхүү, олон улсын хөгжил, бизнес удирдлагын чиглэлээр магистрийн зэрэгтэй, 15 жилийн ажлын туршлагатай байх;
  • Олон улсын хөгжлийн эдийн засаг, банк санхүүгийн судалгаа, шинжилгээний салбарт 8 хүртэл жил тасралтгүй ажилласан туршлагатай байх ба эдгээр судалгааг Монгол Улсад чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байх. Олон улсын, тэр дундаа хөгжингүй орнуудын банк, санхүүгийн салбарын судалгаа хийж байсан туршлагатай байх
  • Дээр дурьдсан чиглэлээр хэвлүүлсэн шинжлэх ухааны нийтлэл, судалгааны тайлан боловсруулан хэвлүүлж байсан бол давуу тал болох бөгөөд Хөгжлийн Шийдэл ТББ-т материал ирүүлэхдээ хамтад нь хавсаргах шаардлагатай;
  • Хоёрдогч болон анхдагч мэдээллийн эх үүсвэрийг ашиглан судалгааны асуудалд дүн шинжилгээ хийх аналитик ур чадвартай байх. Ижил төрлийн 8 хүртэл судалгааны ажлыг сүүлийн 5 жилийн хугацаанд удирдаж байсан туршлагатай байх.
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;
  • Англи, Монгол хэлний өндөр ур чадвартай байх;

Судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судалгааны баг нь 4 хүртэл (багийн ахлагчийг оруулаад) судлаачдаас бүрдсэн байх;
  • Банк санхүү, хөгжлийн эдийн засгийн мэдлэг, туршлагатай хөдөө аж ахуйн санхүүжилтийн чиглэлээр дэмжиж ажиллах зөвлөх эсвэл ахлах судлаачтай байх;
  • Зөвлөх буюу ахлах судлаач нь Хөдөө аж ахуйн эдийн засаг, банк санхүүгийн чиглэлээр Магистр ба түүнээс дээш зэрэгтэй салбартаа 10-с доошгүй жилийн туршлагатай байх;
  • Хоёрдогч болон анхдагч мэдээллийн эх үүсвэрийг ашиглан судалгааны асуудалд дүн шинжилгээ хийх аналитик ур чадвартай байх. Ижил төрлийн 5 хүртэл судалгааны багт ажиллаж байсан туршлагатай байх.
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх
  • Англи, Монгол хэлний өндөр ур чадвартай байх;

Санал ирүүлж буй байгууллага нь мэдээлэл цуглуулалтыг хөнгөвчлөхөд шаардлагатай бусад техникийн нөөцийг санал болгож болох бөгөөд тэдгээр нь мэдээлэл цуглуулах загвар, дүн шинжилгээ хийх, өгөгдөл оруулах чанарыг бүхэлд нь хариуцах ба орон нутгийн тоологч/зохицуулагчдын хяналтыг хариуцна.

ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ         

Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Техникийн санал [30 хуудсаас хэтрэхгүй]

  • ЖДБ-үүдийн хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн санхүүжилттай холбоотой судалгаа шинжилгээ болон ижил төстэй бусад судалгааг өмнө нь гүйцэтгэж байсан туршлага бүхий байгууллагын танилцуулга.
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга зүй, аргачлал
  • Судалгааг гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө
  • Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрт хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-ыг хавсаргах (Анкет бүр 5 хуудсаас хэтрэхгүй байх).
  • Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгаануудын талаарх тодорхойлолтыг дор хаяж гурав (3)-ыг ирүүлнэ. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх.

Үнийн санал

Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 80 сая төгрөгт багтаасан байна. Үнийн саналын задаргааг энд дарж татаж авах боломжтой.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org хаягт Хөдөө аж ахуйн санхүүжилтийн стратегийг загварчлах нь нэртэйгээр 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 12 цагаас өмнө ирүүлнэ үү. 

Судалгаатай холбоотой асуулт байвал Мониторинг, үнэлгээ хариуцсан Ж.Пүрэвдуламтай холбогдоно уу. – purevdulam@dsmongolia.org + 976 95195331

ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ

Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:

  1. Техникийн санал (үнэлэх жин: 50 оноо)
  2. Бүсчилсэн хөгжил, хөдөө аж ахуйн нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуйн санхүүжилттэй холбоотой судалгааны чиглэлээр ажилласан бөгөөд  5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (20 оноо)
  3. Хөдөө аж ахуйн санхүүжилтийн стратегийг загварчилах судалгааны арга зүй, аргачлал, оролцогч талуудыг тодорхой ойлгож тусгасан байдал, танилцуулга нь тус судалгаатай хамааралтай байгаа эсэх (20 оноо)
  4. BEST хөтөлбөрийн хүрээнд хийсэн өмнөх судалгааны ажлууд дээр хөтөлбөрийн зүгээс сөрөг коммент аваагүй байх (10 оноо)

2.     Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 50 оноо) 

  • Өмнө нь хийж байсан судалгааны туршлага ялангуяа хувийн салбар болон ЖДБ, хөдөө аж ахуйн санхүүжилттэй холбоотой гүйцэтгэж байсан судалгаа байгаа эсэх (30 оноо)
  • Ажил, үйлчилгээг гүйцэтгэхтэй холбоотой эрдэм шинжилгээний мэдлэг, боловсролын зэрэг (20 оноо)

Багийн бүх гишүүд нь судалгааны туршид тухайн улсад оршин суудаг байна. Техникийн эцсийн үнэлгээний дараа (дээр дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн саналыг үнэлнэ. 50 онооноос доош оноо бүхий техникийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Үнэлэхдээ техникийн саналын 70%, үнийн санал 30%-аар жинлэнэ.


en_USEN