Back
“Энтрепренер эмэгтэйчүүд – VI” форум амжилттай зохион байгуулагдлаа

“Энтрепренер эмэгтэйчүүд – VI” форум амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр:

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Энтрепренер эмэгтэйчүүд – VI: Тойрог эдийн засаг ба эмэгтэйчүүдийн бизнесийн манлайлал” форум Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Форумыг Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” (SOGE) төслийн хүрээнд Хөгжлийн Шийдэл ТББ, People in Need Олон Улсын Төрийн бус байгууллага, Caritas Czech Republic in Mongolia, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран зохион байгууллаа. 

Энэ удаагийн форумын зорилго нь Монгол Улсын ногоон шилжилтийг хурдасгах үйл явцад эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, технологи, инновац, тойрог болон ногоон бизнесийн сайн туршлага, шийдлүүдийг хуваалцах замаар бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэв. Форумд нийт 200 гаруй оролцогч, үүнээс 140 орчим нь эмэгтэй бизнес эрхлэгч, 60 орчим нь түнш байгууллагуудын төлөөлөл оролцсон нь эмэгтэйчүүдийн манлайлал, тогтвортой бизнесийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх хамтын талбар болж чадлаа. 

Форумыг нээж People in Need Олон Улсын Төрийн бус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Tricia Turbold үг хэлэхдээ эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих нь зөвхөн тэгш байдлын асуудал биш, харин эдийн засгийн өсөлт, инновац, тогтвортой хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйл болохыг онцоллоо. Тэрээр мөн эмэгтэйчүүд Монголын ногоон шилжилтийн тэргүүн эгнээнд манлайлан оролцож байгааг тэмдэглэж, Эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд хариуцлагатай бизнесийн практик бодит үр дүн авчирч эхэлснийг дурдсан байна. 

Форумын үеэр УИХ-ын гишүүн Х. Баасанжаргал “Жендерийн мэдрэмжтэй бизнесийн орчин”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч С.Эрдэнэцэцэг “Ногоон хөгжлийн бодлогын орчин”, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн “Тойрог эдийн засаг ба эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр тус тус илтгэл тавьж, төрийн бодлого, ногоон шилжилт, бизнесийн манлайллын уялдаа холбоог хөндөн хэлэлцэв. Мөн дахин боловсруулалт, сав баглаа боодол, ESG нэвтрүүлэлт, бизнесийн тогтвортой шийдэл, эмэгтэйчүүдийн манлайлал зэрэг бодит туршлага, практик кейсүүдийг бизнесийн төлөөллүүд хуваалцлаа. 

“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь 2022–2026 оны хугацаанд Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг байршилд хүнс, ус, ундааны салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрүүд болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг тойрог эдийн засгийн практик нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 2,000 гаруй бизнес эрхлэгчид сургалтад хамрагдаж, 22 компани Байгаль Орчин Нийгэм Засаглалын стандарт нэвтрүүлэн, 14 компани нийт 2.5 тэрбум төгрөг зээлийн зуучлуулан авсан байна. 

Энэ жилийн форум нь эмэгтэй бизнес эрхлэгчид ногоон шилжилт, тойрог эдийн засаг, ESG, санхүүжилт, зах зээлийн өрсөлдөх чадварын асуудлаар мэдлэг, туршлага солилцохын зэрэгцээ BUSINESS CLINIC болон B2B уулзалтаар дамжуулан шууд зөвлөгөө авах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. 


en_USEN