“Олон улсын өсвөрийн энтрепренеруудын уралдаан 2021”-ийн ялагчид тодорлоо
Хүүхдийг Ивээх Сан, “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байна. Энэ уралдааныг Японы “Center for Entrepreneurship Development” болон Индонезийн “SURYA Institute”-ээс олон улсын түвшинд зохион байгуулдаг бөгөөд өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.
Уламжлал болон 5 дахь жилдээ зохион байгуулагдсан уралдааныг Хүүхдийг Ивээх сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулж, 4 дүгээр сарын 26-нд дүнгээ гаргаж, ялагчдаа тодрууллаа. Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааны 1-р шат 2021 оны 3 дугаар сард явагдаж, 2-р шатанд шалгарсан 23 баг 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.00 цагаас оройны 19.00 цаг хүртэл 12 цагийн хугацаанд цахим орчинд өрсөлдсөн юм.
Багууд “Ковид-19 урт хугацаанд үргэлжилж, түүний хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг үр дагаврууд өсөн нэмэгдсээр байна. Урт хугацаанд Ковид-19-тэй зэрэгцэн амьдарч буй (магадгүй үргэлжилсэн хөл хорионд) энэ нөхцөлд хүн амын эрүүл мэндэд үр дүнтэйгээр санаа тавих цахим, инновацлаг бизнесийг санал болгоно уу. Таны санаачилсан бизнес хүн төрөлхтний аль ч төрлийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх зориулалттай байж болно. Өөрийн санал болгож буй бизнесээр дамжуулан шийдэх эрүүл мэндийн асуудлыг нарийвчлан тодорхойлж, бизнесийн зорилтот бүлгээ тодорхойлно уу. Танд хэрэгцээтэй санхүүжилтэд хязгаар тогтоогоогүй, өнөөдрийн байдлаар нотлогдож, нээгдсэн байгаа шинжлэх ухаан, технологийн ололтуудыг ашиглах боломжтой” гэсэн даалгаврыг биелүүлж, бизнес төлөвлөгөө, бизнесийнхээ танилцуулгыг бэлтгэж өрсөлдөв. Үндэсний болон олон улсын гэсэн 2 шугамаар монгол, англи хэлээр явагдсан шалгаруулалтад дараахь багууд бусдыгаа тэргүүллээ.
Монгол хэлээр явагдсан “Үндэсний өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан”-д:
- Ялагч: ALTERNATIVE баг (Томужин альтернатив сургуулийн сурагчид)
- II байр: BUD POWER баг (44-р сургуулийн сурагчид)
- III байр: COGNOSCENTI баг (Хобби сургуулийн сурагчид)