Бүтээгдэхүүнийх нь чанар, хийц сайн тул байнгын үйлчлүүлэгчидтэй болсон


Монгол гэрт мужааны цехээ ажиллуулдаг

   Л.Хүрэлхуяг нь 2006 оны 8-р сараас эхэлж ГЭР Санаачлага төсөлтөй хамтарч ажиллаж эхэлсэн. Фермерийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой манай төсөлд анх хандсан ба тухайн үедээ 2 гахай тэжээдэг байсан.

   Гэхдээ фермерийн аж ахуйн чиглэлээр тодорхой мэдлэг байхгүй, хүмүүсийн ам дамжсан ярианаас гахай тэжээх нь ашигтай гэж сонсоод үүндээ үндэслэн гахай тэжээж эхэлж байсан.

   Ингээд төслөөс зохион байгуулсан гахайн аж ахуйн сургалт болон бизнес аялалд оролцож, мөн бизнесийн сургалтуудад сууснаар “ийм бага хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй гахайн аж ахуйн бизнес эрхлээд олигтой амжилт олохгүй юм байна гэдгийг ойлгосон” гэж өөрөө ярьсан юм. Тиймээс тэрээр тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон хойноо гахайн аж ахуйн фермерийн бизнес эрхлэхээр зорилго тавин ажиллаж байгаа.

   Харин Хүрэлхуяг нь гарын ур дүй сайтай ба дээрх бүхнийг тооцоолж үзсэний үндсэн дээр эхний ээлжинд мужааны ажлаа эрхлэхээр шийдэж, 2006 оны 8-р сараас эхлэн мужаан цехийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх хүний тоног төхөөрөмж дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч төслийн зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдсанаар өөрийн гэсэн хөрөө рамтай болжээ. Үүнийхээ үндсэн дээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж өөрийн гэсэн өвөрмөц ажлын байртай болсон ба монгол гэрт мужааны цехээ ажиллуулдаг юм. Тэрээр зөвхөн зээл аваад зогссонгүй зээлээ хэрхэн зөв зарцуулах, хуримтлал хийх талаар сургалтанд сууж, үүнийгээ бизнестээ хэрэгжүүлсэн байна.

   Бүтээгдэхүүнийх нь чанар, хийц сайн тул байнгын үйлчлүүлэгчидтэй болж, орон нутгийн иргэдэд танигдаж эхэлсэн нь захиалга тасрахгүй байгаагаас мэдэгдэж байгаа. Одоо тэрээр орон нутгийн иргэдэд захиалгын дагуу бүх төрлийн тавилга, монгол гэрийн эрээн авдар, шүүгээ зэргийг чанартай хийж үйлчилж байна. Түүний бизнесээ амжилттай өргөжүүлж, зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй, тууштай ажилладаг чанар нь амжилтанд хөтлөх нэг хөшүүрэг болдогт итгэлтэй байна.

   Түүний сарын борлуулалт нь 2006 оны 8-р сарын байдлаар 50.000 төгрөг байсан бол 2009 оны 3-р сарын байдлаар 600.000 төгрөг болж 12 дахин өсжээ. Мөн эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгө нь ч 1.3-1.6 дахин нэмэгдээд байна.

Харилцагчийн хэлсэн үг: 
Би ГЭР Санаачлага төслийн сургалт болон аялалд хамрагдсанаар ямар ч бэлтгэлгүйгээр гахайн аж ахуйн бизнес эрхлэх гэж байснаа ойлгож, одоогоор өөрийн хийж чадах зүйлээ буюу мужааны бизнес эрхлэн амжилттай ажиллаж байна. Удахгүй төслийн дэмжлэгтэйгээр өмнө төлөвлөж байсан гахайн аж ахуйн бизнесээ эрхлэхээр төлөвлөөд байна.