Өөрийгөө дайчилж, тэмцэж байж л өөдлөн дэвшинэ


4 жижиг бизнес эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

   Одоогоос 3 жилийн өмнө Булган аймгийн Булган хотод оршин суугч Б.Цэцэгдэлгэр гэр бүлийн гишүүд болох нөхөр хүүхдүүдийн хамт түлшний мод бага хэмжээгээр борлуулдаг бизнес хийдэг байв.

   Тэр үедээ өрхийнхөө эрүүл, найдвартай хүнсний хэрэглээ болон орлогоо нэмэгдүүлэх хүсэл зорилгын улмаас хүнсний ногоо тариалах сонирхолтой байлаа. Яг энэ л хүсэл зорилготой нь нийцсэн мэт ГЭР Санаачлага нэртэй гэр хорооллын иргэд, бизнес эрхлэгчдийг болон ажил эрхлэлтийг дэмжиж тэдний амьжиргааг дээшлүүлэх зорилготой нэгэн төсөл Булган аймагт хэрэгжиж эхэлсэн ба удахгүй ХАА-н чиглэлийн сургалт зохион байгуулах гэж байгаа талаарх мэдээллийг тэрээр орон нутгийн телевизээр сонссон байна.

   Ингээд асууж судалсны эцэст ГЭР Санаачлага төсөл дээр очиж уулзан, тус төслөөс тогтмол зохион байгуулдаг ХАА-н сургалтанд сууж төмс, хүнсний ногоо тариалах арга ажиллагааг сурч авчээ. Үүний дараа төслийн зээл зуучлалын үйлчилгээнд хамрагдаж санхүүжилтээ бүрдүүлэн, 4х3 хэмжээний хүлэмж барьж, хашааныхаа нэлээд хадархаг газар дээрээ голын захаас шороо авчирч 3-4 см дэвсээд, түүндээ өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоо тариалж, анхны удаа 100 кг орчим хүнсний ногоо хураан авсан нь түүнд ихээхэн урам өгсөн юм. Эхний зээлээ амжилттай төлж дууссаны дараа тэрээр 11-р сард дахин зээл авч эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлсэн бөгөөд мөн арав орчим төл мал худалдан авчээ.

   Үүнээс гадна анхан эрхэлж байсан түлшний мод борлуулах бизнестээ ч төслийн бизнес зөвлөхүүдээс зөвлөгөө авсан бөгөөд одоо түүний байнгын үйлчлүүлэгчид нь хашаанаас нь ирж мод худалдан авдаг болсон төдийгүй зорин ирэгсдийн тоо ч нэмэгдсэн байна. Анх хүнсний ногоо тариалж эхэлснээс хойш 3 жил өнгөрсөн бөгөөд өмнөх жилүүдийн туршлагаас суралцан, давчуу жижигхэн хашаандаа энэ жил 2 хүлэмж нэмж бариад тариалах хүнсний ногооны төрлөө нэмэгдүүлж, чинжүү, гоньд, жимсний мод тарьсан нь маш сайхан ургаж, үр жимсээ хэдийнээ өгчээ. Цэцэгдэлгэр нь өрх гэр, хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө орлогоо нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн бизнесийн санаа эрэлхийлэх чармайлтаaсаа хэзээ ч цөхрөөгүй бөгөөд түүнд дахин нэгэн бизнесийн санаа төржээ.

   Гялгар уутыг хэрэглэдэггүй хүн гэж өдгөө цагт байхгүй болсон. Гэвч гялгар уут нь хөрсөнд олон жил болсон ч шингэж уусдаггүй, байгаль экологид сөрөг нөлөө ихтэй. Бидний эргэн тойрон, гудамж талбайд гялгар уут, хог энд тэндгүй хийсэх боллоо. Иймээс гялгар уутны оронд даавуун уут хэрэглэх хэрэгтэй гэж тэрээр үзээд даавуун болон шуудайн уут оёж борлуулах санаа төржээ. Энэ бизнесээ явуулахын тулд оёдлын машин, материал авах мөнгө хэрэгтэй байлаа. Энэ ч зорилгоор ГЭР Санаачлага төсөлд ахин хандаж нөхцөл байдлаа танилцууллаа. Төсөл ч үүнийг нь дэмжиж “Хас Банк”–нд зээлд зуучилж өгснөөр бизнес нь амжилттай явагдаж байна. Түүнчлэн төслөөс, оёсон уутыг нь хүнсний дэлгүүрүүдэд холболт хийж нийлүүлж өгсөн нь Булган сумын бүх дэлгүүрт борлогдож байна.

   Мөн үүгээр ч зогсохгүй тэрээр 15 нэр төрлийн 50 ширхэг тасалгааны цэцэг тариад байгаа. Тэр, 2 төрлийн цэцэгний үрсэлгээг төслийн холболтын үйлчилгээгээр дамжуулан авсан ба сургууль эхлэх үеэр 1 ширхгийг нь 1500 төгрөгөөр зардаг аж.

   2008 оны 8-р сард тэрээр ахин төслийн зээл зуучлалын үйлчилгээнд хамрагдаж Хас банкнаас 500 мянган төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлэн түүгээрээ 10 тахиа худалдан авсан бөгөөд тахианы байр барих, бизнесийнхээ эргэлтийн хөрөнгө зэрэгтээ мөн уг зээлээ зарцуулжээ. 
Одоо тэрээр тахиануудаасаа өдөрт 4-5 өндөг авдаг, түлшний модоо нөхөр хүүхдүүдийнхээ хамтаар бэлтгэдэг, тороо нөхөр нь оёчихдог, Цэцэгдэлгэр гуай өөрөө гадуур бүх борлуулалтаа хийгээд явдаг болжээ.

   “Одоо би жижиг ч гэсэн 4-5 төрлийн бизнес эрхэлж байна. Харин надад ажлын арай томхон байр хэрэгтэй болж эхэлсэн. Тиймээс байшингаа 2 давхар болгон, дээд давхардаа цэцгээ тарьж, тороо оён, бизнесээ явуулахаар зорьж байна” хэмээн тэр ярьсан юм.

   Мөн тэрээр “Би ГЭР Санаачлага төслийн бизнес зөвлөхүүдээс их зүйлийг сурч мэдэж, сайхан хамт олноор үйлчлүүлж байгаадаа маш их баяртай явдаг аа. Манай нөхөр нэг хэсэг ажилгүй, хийх ажил ч олддоггүй байсан, одоо завгүй болж, сэтгэл санаа ч өөдрөг тэнүүн явах боллоо. Өрхийн орлого маань ч нэмэгдэж, тогтворжиж байна. Ер нь хүн өөрийгөө дайчилж, тэмцэж амьдарч байж л бага багаар өөдлөн дэвшдэг юм шүү” хэмээн сэтгэл хангалуун ярьж байсан юм.