Эрдэнэт хотод байгуулагдсан анхны бизнес бүлэг


Байгалийн цэвэр бүтээгдэхүүний амт чанарыг алдагдуулахгүйгээр жимсний чанамал, ногооны нөөш хийж Эрдэнэтчүүдийнхээ болон том компаниудын хэрэгцээнд нийлүүлж байна

   Сүүлийн жилүүдэд Монголчууд амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор хүнсний ногоо тариалах буюу өрхийн тариалан эрхлэх ихээхэн сонирхолтой болоод байгаа.

   Ийнхүү хүнсний ногоо тариалаад ирэхээр нэлээд хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орон нутагт хэдийд, хэрхэн тарих вэ, хэдийд яаж ургацаа хураан авах вэ? гэх мэт олон асуудал урган гарч ирнэ. Энэ асуудлаа шийдэхийн тулд олон гэр хорооллын иргэд арвин ургац авах арга техникт суралцахаар хүмүүсээс асууж, олон байгууллагын үүдийг татаж явсан үе байлаа. Эдгээр хүмүүсийн тоонд ирээдүйн “Газрын өгөөж” бизнесийн бүлгийн гишүүд ч мөн хөл нийлүүлэн алхаж байсан билээ. Энэ бүлгийн 9 гишүүн манай хүнсний ногоо тариалах чиглэлээр явагдаж байсан сургалтуудад маш идэвхтэй хамрагдан суудаг байсан.

   Ийнхүү 2004 оны 7-р сард ГЭР Санаачлага төслийн ХАА-н сургалтанд сууж танилцсан хэсэг хүмүүс нийлж “Газрын өгөөж” бүлгийг байгуулан ажиллаж эхэлсэн юм. Байгуулагдсан эхний үедээ ажлын байргүй, хорооллын харьцангуй хүнд нөхцөлд ажлаа хийж эхэлсэн юм. Ямар ч зүйл эхэн үедээ амар биш байдгийн адил үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, тохиолдож буй бэрхшээлүүдээс хэрхэн гарах вэ гэх зэрэг бэрхшээлтэй асуудлууддаа хариулт олохоор төслийн бизнес зөвлөхүүдтэй уулзаж, бизнесийн сургалтуудад суудаг байлаа. Эхний жилдээ тэд зөвхөн 200 гаруй шил жимсний чанамал, салат хийж борлуулсан бол одоо шал өөр болжээ. 

   “Газрын өгөөж” бизнес бүлэг нь 2005 онд үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөгөө гарган шинэ ондоо итгэл дүүрэн ажиллаж эхэлсэн байна. Эхний ээлжинд үйл ажиллагаагаа жигдрүүлж,  ажлын байраа өөрчлөн Үйлчилгээний төвд цайны газар түрээслэн, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд үйлдвэрлэлээ явуулж эхэллээ. Төслийн бүлэг холбоодын тэтгэлэг олгох шалгуур, журмын дагуу тэтгэлэг хүссэн өргөдөл бичсэн бөгөөд 2005 оны 7-р сарын 18-нд 1,200,000₮-ийн тэтгэлэг авч үндсэн хөрөнгөө нэмэгдүүлжээ. Гэвч эргэлтийн хөрөнгө дутагдалтай байснаас ахиу хэмжээгээр жимс, ногоо худалдан авах, хаяг шошгоо захиалах боломж муутай л байлаа. Харин ГЭР Санаачлага төслөөс тус бүлгийг “Айвенхоу Майнз” компанитай холбож өгснөөр тус компанийн захиалгыг үйлдвэрлэж эхэлсэн нь бүлгийн борлуулалт, ашгаа нэмэгдүүлэх хамгийн том боломж болж өгсөн  юм. Тус компанитай холбогдсоноор бүлгийн ажиллагаа огцом сайжирч, үйл ажиллагаа нь жигдрэн өнөөдрийн байдлаар 3,2 сая орчим төгрөгийн борлуулалт хийгээд байна.

   Тэд төсөлтэй байнга холбоотой ажилладаг бөгөөд төслөөс зохион байгуулагдаж буй сургалт болон үйл ажиллагаануудад идэвхтэй хамрагддаг ажээ. Тухайлбал, Эрдэнэт БДТөөс 2005 оны 9-р сард зохион байгуулсан “Алтан намар-2005” ХАА-н үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, 180,000₮ борлуулалт хийж, 66000₮ захиалга авсан байна. Үүний үрээр орон нутагтаа хүмүүсийн танил болж чадсанаар “Номин” их дэлгүүрээс 100 ширхэг жимсний чанамлын болон зарим нэг дэлгүүрүүдээс захиалга авсан байна. Мөн Улаанбаатар хотын “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүдэд 2008 оны 10-р сараас бүтээгдэхүүнээ захиалгаар нийлүүлэн 6 сая төгрөгний борлуулалт хийсэн аж. Үүгээр ч зогсохгүй Эрдэнэт хотын “Эрдэнэт” их дэлгүүрт 2008 оны 9-р сараас бүтээгдэхүүнээ гэрээгээр нийлүүлж байна. 2009 оны 2-р сард Улаанбаатар хотод болсон төслийн, цагаан сарын өмнөх үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ сурталчлан 390,000 төгрөгийн борлуулалт хийсэн зэрэг амжилт дүүрэн байна.

   Тус бүлэг нь одоо 9 гишүүнтэй хоршоо болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хоршооны ахлагч Цэцэгсүрэн нь 2008 онд Эрдэнэт хотын “Шилдэг бизнесмен эмэгтэй” шагналыг авсан. “Газрын өгөөж” бүлэг  байгуулагдан, бүх юмаа шинээр эхэлж байсан үетэйгээ харьцуулан үзвэл өнөөдөр өөрийн гэсэн эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгөтэй, сард дунджаар 1,000,000₮ борлуулалт хийдэг болтлоо сайжраад байгаа нь шинээр үүсч байгаа бүлгүүд болон хамтран бизнес эрхлэх хүсэлтэй байгаа бизнес эрхлэгч харилцагчдад үлгэр жишээ үзүүлж, урам зориг өгөх сайшаалтай үйл ажиллагаа  болоод байгаа юм.

Харилцагчийн хэлсэн үг: 
“ГЭР Санаачлага төслөөс тэтгэлэг өгсөн явдалд сэтгэл маш их өндөр байсан ба түүн шиг сэтгэлийн дэм өгсөн зүйл байгаагүй. Энэ нь бидний ажлын гүйцэтгэлд маш сайн нөлөөлж, жимсээ хадгалах боломжтой болсноос гадна ойр зуурын, байнгын хийдэг үйлдлүүд хэмнэгдсэн. Цаашид ажиллах маш их урам зориг, эрч хүч өгсөн. Нэгэнт хүнээс юм авчихсан юм чинь сайн хөдөлмөрлөж, итгэлийг нь алдахгүй байх ёстой гэсэн сэтгэхүйгээр бас хандаж ажиллаж эхэлсэн. Мөн төсөл биднийг “Айвенхоу Майнз” компанитай холбож өгснөөр бизнес маань жигдэрч хөлөө олсон. Төслөөс явуулдаг сургалтанд хамрагдаж их зүйл сурч авснаас гадна борлуулалт, маркетингийн талаар зөвлөгөө, мэдээлэл авч бизнестээ хэрэгжүүлсээр ирлээ”.