Хүн ажилдаа дур сонирхолтой байх нь маш их эрч хүч өгдөг


Өргөн хэрэглээний болон нарийн ногоо, модны суулгац нийлээд 18 төрлийн зүйл тариалж байна

   ГЭР Санаачлага төслийн АНУ-аас захиалан авчирч харилцагчдадаа нийлүүлдэг хүнсний ногооны үрийг худалдан авч ногоо болон цэцэг тариалдаг Энхтуяа хэмээх ажилсаг, авхаалжтай, юм хийх эрмэлзэлтэй энэ эмэгтэй СХД-ийн Орбитод амьдардаг. 

   Тэрээр анхлан 1998 онд бага хэмжээгээр дан хүнсний нарийн ногоо тарьж ногоочин болох гараагаа эхэлжээ. Орбитод хүнсний ногоо тарих зориулалтаар газар эзэмшиж эхний жилдээ бага хэмжээний нарийн ногоо тарьж эхэлсэн.

  Өөрөө ногоо тарих тун ч  их сонирхолтой болохоор 5х25 хэмжээтэй хүлэмж барьж, ер нь өөрөө л бүхнийг гардан хийжээ. Түүгээр зогсохгүй энд тэндхийн ногоо тарьдаг хүмүүстэй уулзан гэр хашаагаар нь очно, хэрэгцээтэй ном, гарын авлага болгоныг уншиж судалдаг идэвхтэй хүн.

  Эхний жил овоо ургац авсан тул үр дүнд нь урамшин газраа тэлж дахин хүлэмж нэмж бариад, ногооныхоо нэр төрлийг олшруулан богино наст нарийн ногоо тариалах болжээ. Анхандаа тэрээр ердөө 3 төрлийн нарийн ногоо тарьдаг байснаа улам өргөжсөөр одоо нарийн болон бусад өргөн хэрэглээний хүнсний ногоо, модны суулгац нийлээд 18 төрлийн зүйл тариалж байна.

  Өмнө нь тэрээр ГЭР Санаачлага төслөөс бүлэг байгуулах талаар зөвлөгөө авч, 5 хүнтэй “Ундрах” нэртэй бүлэг байгуулан бүлгийнхэндээ өөрийн мэдэх чадах бүхнээ хэлж, зөвлөгөө удирдамж өгч байсан. Мөн жимсний модны сургалтанд хамрагдаж, агрономийн чиглэлийн нарийн ширийн зүйлсийг сурсан байна. Тэрээр ярихдаа “Зуны цагт би ногооны талбай дээрээ байрлаад өглөө 6 цагт талбайдаа гарч ажиллаж эхэлдэг. Тэгээд 8 цаг гэхэд “Барс” зах дээр ногоогоо борлуулах гээд хятадуудтай өрсөлдөөд зогсчихно. Хятадууд Монголд томоохон хэмжээний газар эзэмшээд ногоо тарьж байна. Газар ус нь ижил ч бордооноосоо шалтгаалаад хятадуудын тариалж буй ногооны чанар огт өөр. Учир нь тэд үрээ бордоно, масс гаргах гэж буюу том болгох гэж бордоно, дараа нь ахиад бэхжүүлэх гэж бордоно. Хамгийн гол нь тэд, голдуу химийн гаралтай бордоогоор бордож байгаад л учир байгаа юм. Харин бидний хувьд усалгаа, органик бордоо буюу өтөг бордоо хэрэглэдэг. Тийм ч учраас ногооны амт чанар нь огт өөр байдаг. Манайх энэ жил 10тн тарвас, төмс огурцы нийлээд 30тн ногоо хурааж авсан бөгөөд хашаандаа 40тн зоорьтой, түүнийхээ гуравны нэгд л төмс ногоогоо хадгалдаг. Өөрийн гараар тарьж ургуулсан зүйлийнхээ үр шимийг хүртэнэ гэдэг сэтгэлд их л өег байдаг даа. Түүнээс гадна өөрийн гараар тарьж ургуулсан цэцгийн сайхныг яана, тэднийгээ харахаар үнэхээр жаргалтай байдаг” хэмээн сэтгэл догдлон байж ярьсан юм.

   Төслийн сургалтуудад хамрагдсанаасаа хойш тэрээр аливаа юмыг их төлөвлөж сурснаа мөн ярьж байлаа. Өнөөдрийн хувьд л гэхэд тэрээр, усалгаа болон газар хагалах тоног төхөөрөмж судлах, нэг наст цэцгийн үрсэлгээгээ албан байгууллагуудад үзүүлэх болон зар өгөх зорилготой явж байгаагаа хэлээд өөрийн тарьж ургуулсан өнгө өнгийн алаг цэцгийн зургийг бахархалтайгаар үзүүлсэн юм. Нэгэн зурган дээр Энхтуяа тарьсан цэцгээрээ хүрээлүүлэн инээмсэглэн сууж буй нь тун содон сайхан харагдсан бөгөөд хүн ажилдаа дур сонирхолтой байх нь ямар их эрч хүч өгдгийн бодит жишээ энэ юм даа хэмээн бодсоноо нуух юун.

Харилцагчийн хэлсэн үг: 
“Би 1992 оноос эхлэн мандлын нэг наст, олон наст цэцэг тарьж эхэлсэн. Энэ ажилдаа их сонирхолтой болохоор үүнийгээ их л дуртай хийдэг. Шинэ зүйлийг туршиж үзэх бас дуртай. ГЭР Санаачлага төслөөс зохион байгуулдаг үр үрсэлгээ, таримал цэцгийн үзэсгэлэнд 3 жил дараалан оролцсон, төслөөс хавартаа шинэ үр захиалан авдаг. Ингэж шинэ үр авна гэдэг бидний хувьд их олзуурхууштай, мөн найдвартай байдаг. Монголчуудын түгээмэл идэж хэрэглэж заншаагүй броколицукини зэргийн үрийг авч тариалж үзсэн, сайхан ургадаг юм байна лээ