Бичил бизнест дэмжлэг хэрэгтэй


   Зээлийн сургалтанд сууж, бүртгэл хөтлөлтийн дэвтрийг хөтөлж хэвшсэний үр дүнд зээлээ зориулалтын дагуу сайн ашиглаж байна

   Дорнод аймгийн Чойбалсан хотод оршин суугч Цэндбаатар нь анх өөрийн гэрийн нэг өрөөнд модоор шалны мод, шүүр хийгээд “Шүр” зах дээр өөрөө явж, худалдаалдаг байсан ба 2006 оны 10-р сард ГЭР Санаачлага төслийн харилцагч болсноор бизнес холболтын үйлчилгээнд нь хамрагдан, ДБЭХС” ХК-д сар бүр 100 ширхэг шүүр нийлүүлдэг болсон байна. Анхны холболтыг хийхэд эргэлтийн хөрөнгө дутмаг байсан тул төслөөс өөр нэг харилцагчийн дэлгүүрээс шүүр хийх түүхий эд материалыг зээлээр авч өгөн захиалгыг гүйцэтгүүлж, тэрээр олсон орлогоосоо түүхий эд материалын зээлээ төлөөд, дараагийн захиалгыг гүйцэтгэх эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болжээ.

   Мөн 2006 оны 12-р сард ажлын гол тоног төхөөрөмж хөрөө рам нь муудаж эвдэрсэн учир тоног төхөөрөмжөө сайжруулах зорилгоор төслийн ХНС-гийн 50 хувийн санхүүжилтээр 300,000 төгрөгийн зээл аван, сайн хөрөө рамтай болж ажлын бүтээмж нь дээшилсэн байна.
   Түүнчлэн Зээлийн сургалтанд сууж, бүртгэл хөтлөлтийн дэвтрийг хөтөлж хэвшсэний үр дүнд зээлээ зориулалтын дагуу сайн ашиглаж, орлого зарлагаа хянан төлөвлөлт хийх болсон байна. Дахин 500,000 төгрөгийн банкны зуучлалын зээлд хамрагдан ажлын байртай болов. Байнгын захиалгын шүүрээ “ДБЭХС” ХК-д нийлүүлэхээс гадна өөрийн бүтээгдэхүүнийг олон нийтэд танил болгосноор бусад үйлдвэр, аж ахуйн газруудад /”Адуун чулуун” ХК, Нийтийн Аж ахуй, “Амтлаг хүнс” ХХК/  тогтмол биш хэлбэрээр шүүр нийлүүлэх болсон байна.
Одоо тэрээр бизнесээ улам өргөжүүлж, бусадтай санаа нэгдэн ажиллах зорилго тавиад байгаа аж.

Харилцагчийн хэлсэн үг: 
“Намайг эхэн үедээ хүмүүс бизнес эрхлэгч ч гэж үздэггүй байдаа. Харин бичил, жижиг бизнесийг дэмждэг ГЭР Санаачлага төсөл л намайг анх бизнес эрхлэгч гэж үзэж, намайг дэмжин, зээл олгож, бизнес холболтын үйлчилгээндээ хамруулан, амьдрал ахуйд минь тус дэм болж байгаад үргэлж талархаж явдаг”.