Төсөлтэй харьцсанаас хойш байнга орлого, зарлагаа хөтөлдөг болсон


Өрх толгойлсон бас нэг эмэгтэйг туслах ажилтнаараа авч ажиллуулж байна

   Д.Энхтайван нь өөрийн бизнесээ амжилттай эрхэлж байгаа харилцагчдын нэг билээ. Тэрбээр 7 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 2000 оноос эхэлж Багануур дүүргийн “Хүүхдийн төлөө төв”-ийн цайны газарт тогоочоор ажиллаж байсан.

   Төсөлтэй харьцсанаас хойш байнга орлого, зарлагаа хөтөлдөг болсон
Цайны газар татан буугдсанаас хойш хувиараа төрөл бүрийн бизнес хийх гэж оролдож байсан боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. 2006 оноос хувийн компанид манаачаар ажиллангаа жижигхэн мухлаг ажиллуулж ч үзжээ. Гэвч бизнест эргэлдэж буй мөнгө нь бага байснаас гадна олон хүүхэдтэй тул эргэлтийн мөнгө нь буурч байв.

 Энэ үед ГЭР Санаачлага төслийн бизнес зөвлөхтэй уулзаж өөрт тохиолдож буй бизнесийн асуудлаа ярилцсаны эцэст тэрээр ногоо тариалахаар болж SEED программын үрний захиалганд хамрагджээ. Үүний дараа тус төслийн ногоо тарих болон үрсэлгээ хийх сургалтанд хамрагдаж 2007 оны 5-р сард ногоо тарих зориулалтаар 300.000 төгрөгний зээл төслөөр зуучлуулан авч, 60 сот талбайд ногоо тариалж эхэлсэн. Ийнхүү ногоо тарих сургалтанд хамрагдаж, зээл авсныхаа үндсэн дээр одоо ажиллуулж буй ахмадуудын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх байрны цайны газрынхаа эх суурийг тавьжээ. Ингээд төслийн Зээл ба хэрэглээ хуримтлалын сургалтанд хамрагдаж зээлээ хэрхэн зөв зарцуулах болон бүртгэлээ хөтлөх талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байна. Одоо энэхүү цайны газар нь өдөр бүр байнгын захиалгатай ажиллаж байгаа бөгөөд сард 600.000 төгрөгний борлуулалтын орлоготой аж.
Мөн тэрбээр өрх толгойлсон нэг эмэгтэйг сарын 108.000 төгрөгөөр туслах ажилтнаар авч ажиллуулж байна. Түүнчлэн дан ганц ахмадад хоолоор үйлчлэхээс гадна эмнэлгийн ажилтнуудад захиалгаар хоолоо борлуулж байгаа нь бизнесийн орлогоо нэмэгдүүлэхэд нь ихээхэн дэм болж байна.
Тэрээр төслөөс зөвхөн зээл зуучлуулж аваад зогссонгүй төрөл бүрийн мэдээлэл, гэрээний загвар, сонин зэргийг ч байнга авдаг болсон нь бизнест нь ихээхэн тустай байгаа ажээ.

Д.Энхтайван цайны газартаа хоолоо бэлтгэж байгаа нь

Харилцагчийн хэлсэн үг:
Бизнес эрхэлж буй хүмүүст үйл ажиллагаагаа явуулахад янз бүрийн бэрхшээл байдаг юм байна. Асуудлуудыг минь шийдвэрлэж өгсөн ГЭР Санаачлага төслийн хамт олондоо маш их баярлаж явдаг. Төсөлтэй харьцсанаас хойш байнга орлого, зарлагаа хөтөлдөг болсон нь банктай харьцах, өөрийгөө хянахад ч дөхөмтэй болсон.