Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьдаг


Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа нь өргөжихийн хирээр шинэ асуудлуудыг шийддэг

   Б.Оюун 2004 оны 9-р сараас туршилтын журмаар гэрээрээ талх барьж эхэлсэн бөгөөд ийн гэрээрээ талх барьж 6 сар дэлгүүрүүдээр тарааж явсан. Энэ хугацаанд борлуулалт нь боломжийн байсан тул 2005 оны 3-р сараас нэг жижиг зуухтай, нэг ажилчинтайгаар үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлжээ. Түүний бүтээгдэхүүн нь буриад технологиор барьсан талх учраас борлуулалт маш сайн байхад дөхөмтэй байсан байна. Ийнхүү маш богино хугацаанд хэрэглэгчдийнх нь тоо өсөж, 2006 оны 10-р сар гэхэд өөрийн гэсэн ажлын байртай, 8 ажилчинтай болсон байна. Энэ үеэс тэрээр ГЭР Санаачлага төсөлтөй хамтарч ажиллаж эхэлжээ.

  Учир нь бизнесийн үйл ажиллагаа нь өргөжихийн хирээр мэдэх мэдэхгүй олон асуудлуудтай тулгарч эхэлсэн байна. Тухайлбал, талхаа хөлсний машинаар түгээх нь зардал өндөртэйгээс гадна олон хүн удирдаж тогтвортой ажиллуулахаас эхлээд маш олон асуудлыг шийдэх хэрэгтэй болсон байна. Энэ үеэс л тэрээр жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг тус төслийн үйл ажиллагааны талаар сонсоод хандахаар шийджээ. 2006 оны 12-р сард төслөөр зуучлуулан ХАС банкнаас 5.000.000 төгрөгний зээл авч талхаа түгээх унаатай болсноор тээвэрлэлтийн зардлыг 50% хүртэл бууруулж чадсан. Мөн ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах талаар төслөөс мэдээлэл авснаар ажилчдаа тогтвортой ажиллуулах талаар эхний алхмаа хийжээ. 2007 оны 5-р сард зөвлөхдөө хандаж төсөл бичүүлсэн бөгөөд уг төсөл нь ҮХЯ-аар орон батлагдсанаар 1%-ийн хүүтэй, 8.000.000 төгрөгний зээл авч бизнесийн үйл ажиллагааныхаа хүүгийн зардлыг бууруулсан.
  2008 оны 2-р сард ажилчиддаа “Байгууллагынхаа хэрхэн сайн ажилтан болох вэ?” сургалтыг авснаар ажилчдынх нь ажилдаа хандах хандлагад өөрчлөлт орж сайжирсан байна. Одоогоор тэрээр өөрийн гэсэн 2 ажлын байртай, нийт 14 ажилчинтай, өдөрт 800-1000 талхны борлуулалт хийн, дүүргийн талхны хэрэгцээний 60-аад хувийг дангаараа ханган үйл ажиллагаа явуулж байна.
Түүний сарын борлуулалт 2006 оны 10-р сарын байдлаар 5.400.000 төгрөг байсан бол 2008 оны 8-р сарын байдлаар 8.000.000 төгрөг болж 1.5 дахин өсжээ. Мөн анх 8 ажилчинтай байсан бол одоо 14 ажилчинтай, эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгө нь ч 1.6-3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Харилцагчийн хэлсэн үг: 
Би ашгаас гадна хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон тэдний худалдан авах чадварт нь тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг чухалчилдаг. Тийм ч учраас үнээ аль болох боломжийн төвшинд барьж байхыг эрмэлздэг.