Саруул-Ирээдүй ХХК


Бизнесийн салбар: Хүүхэд харах төв
Бизнесийн нэр: Саруул-Ирээдүй ХХК
Бизнес эрхлэгчийн овог, нэр: Мөнхбат овогтой Саруул-Адъяа

   АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөл энэ удаагийн амжилтын түүх булангаараа Дорнод аймгийн харьяат Мөнхбат овогтой Саруул-Адъяагийн “Саруул-Ирээдүй” хүүхэд харах төвийн бизнесийг онцолж байна.

  Дорнод аймгийн хүн амын 60 гаруй хувь нь аймгийн төвдөө суурьшдаг тул цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн хүрэлцээ муу, хэрэгцээ шаардлага өндөр байдаг байна. М.Саруул-Адъяа энэхүү асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах үүднээс өөрийн мэргэжлийн дагуу хүүхэд харах төвийг 2014 онд байгуулж байсан.

   М.Саруул-Адъяа нь 1999 онд МУБИС–ийн харьяа “Сурган хүмүүжүүлэх ухааны коллеж”- ийг СӨНХ багш , аргазүйчээр төгссөн, бакалавр магистрант зэрэгтэй. “Дэлхийн хаан хүүхдийн төлөө багш“ өргөмжлөлтэй туршлагатай багш нарын нэг юм. Одоогоор 3 өрөө байранд 6 ажилтантайгаар 50 гаруй хүүхэдтэй өглөө 7.30 цагаас орой 19.30 цаг хүртэл 12 цагаар тасралтгүй ажилладаг.

  Дотроо хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх гэсэн хоёр хэсэгтэй. Түүний хувьд энэхүү цэцэрлэгийн байраа томсгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэн 150 хүртэл хүүхдийг хамруулах цэцэрлэг байгуулах бизнес санаатай нэгэн. Бизнес санаагаа хэрэгжүүлэхээр банканд хандахад бизнесийн төсөлтэй байх шаардлагыг хэлсэн бөгөөд REACH Төсөлтэй хамтран бизнесийн төслөө бичихийг зөвлөсөн байна.

  Тэрээр төсөлд хандсанаар маш богино хугацаанд бизнес төсөлтэй болж Жайка ОУ-ын төслийн зээлд хамрагдах боломжтой болсон. Бизнес төсөлдөө сургуулийн өмнөх насны хүүхдийн чийрэгжүүлэлтийн танхим, хөгжмийн боловсрол олгох сургалтын танхимтай томоохон цэцэрлэг болгохоор тусгасан. Энэхүү төсөл хэрэгжсэнээр 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, шинээр 10 гаруй ажлын байр нэмэгдэх юм.

   М. Саруул-Адъяа нь REACH Төсөлд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид бизнесээ улам сайжруулан өргөжүүлэхэд төслийн туслалцаа, дэмжлэг маш чухал болохыг онцоллоо.