Мөнх Такси ХХК


Бизнесийн салбар: Такси үйлчилгээ

Бизнесийн нэр: Мөнх Такси ХХК

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Раднаасамбуу овогтой Мөнхтогтох

   Энэ удаагийн амжилтын түүх булангаараа АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /ОУХА/-ийн зүгээс  Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн харилцагч Р.Мөнхтогтохын Мөнх Такси ХХК такси үйлчилгээний бизнесийг онцолж байна.

   Такси үйлчилгээний салбар нь 2003 онд оргил үедээ хүрсэн гэж үздэг бөгөөд тухайн үед такси үйлчилгээ эрхлэн явуулдаг 61 байгууллагын 3960 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын 1000 хүн тутамд 3-4 такси ногддог, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрж байсан. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас өнөөдөр хувийн хэвшлийн 16-20 аж ахуйн нэгж байгууллага 550-600 орчим тээврийн хэрэгсэл таксин үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд энэ нь Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй гэж тооцогддог.

   Уг салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон төлөөллүүдийн нэг нь Мөнх Такси ХХК юм.Амжилттай яваа залуу бизнесийн төлөөлөл болох Р.Мөнхтогтох нь Улаанбаатар хотод орчин үеийн, чанартай такси үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Мөнх Такси ХХК-г 2012 онд байгуулсан байна.Өнөөдрийн байдлаар уг компани 90 гаруй тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ явуулж нийт зах зээлийн 13 орчим хувийг эзэлж байна.

  Тэрээр Мөнх Такси ХХК-ийг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг хөгжингүй орнуудын төвшинд хүрсэн түргэн шуурхай, найдвартай үйлчилгээтэй болгох мөрөөдөлтэй залуу энтрепренёр нэгэн. Р.Мөнхтогтох нь 2017 оны 01-р сард REACH Төслийн тогтмол зохион байгуулагддаг “Бизнесийг төлөвлөх нь” 3 өдрийн цогц сургалтад хамрагдсанаар өөрийн мөрөөдөлдөө хүрэхэд ойрхон байгаагаа ойлгосон төдийгүй REACH Төсөл нь холбож өгөх гүүр нь болж болохыг ойлгосон юм. Ингээд тэрээр REACH Төсөлтэй хамтран Мөнх Такси ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх бизнес төслийг боловсруулан хүссэн дүнгээрээ санхүүжилтээ авч чадсанаар өөрийн мөрөөдөлдөө хүрэхэд тун ойрхон болж ирээд байна.