Монгол-Үүр ХХК


Бизнесийн салбар: Сав баглаа боодол

Бизнесийн нэр: Монгол-Үүр ХХК

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Нямын Энхбаясгалан

   Ням овогтой Энхбаясгалан нь 2008 оноос эхлэн сав баглаа боодлын үйлдвэрлэлээ байгуулан анх өндөгний үүр үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

  Тухайн үед өндөгний үүр гаднаас маш их хэмжээгээр орж ирж байгааг хараад үүнийг ер нь дотооддоо үйлдвэрлэж яагаад болохгүй гэж гэсэн бизнес сэтгэлгээгээр төсөл бичиж зээлд хамрагдаад үйлдвэрлэлээ  эхлүүлж байсан бол одоо өндөгний үүрээс гадна цаасан уут үйлдвэрлэж байна.

   Н. Энхбаясгалан нь үйлдвэрлэл байгуулагдсан цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэсэн өндөгний үүр нь өөрийн гэсэн брэнд болж, “Монгол үүр”  гэдэг нэрийг бий болгож чадсан.

   Энхбаясгалан бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, загвараа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, зардлуудаа ялгаж, ойлгож сурах  хүсэлтэй байсан бөгөөд Голомт банкны эдийн засагчтай уулзсанаар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /ОУХА/-ийн REACH төсөлтэй холбогдох боломж бүрдсэн юм.

   Энхбаясгалан тун удалгүй REACH төслийн тогтмол явагддаг “Бизнесийг төлөвлөх нь”, “Санхүүгийн тайлан уншиж ойлгох нь” сургалтад хамрагдсанаар төслөө илүү бодитой тооцоолж, хувьсах зардал, тогтмол зардлаа ялгаж ойлгох, үйлдвэрлэлийн өртгөө зөв тооцох үйл ажиллагаа, үр ашгийн тооцооллоо гаргаж сурах тал дээр мэдлэг чадвараа нэмэгдүүлсэн юм.

“АНУ-ын ОУХА-ийн REACH төслийн сургалтуудад хамрагдаж бизнесийн үйл ажиллагааны байдлаа тодорхойлох, уялдуулах, харьцуулалтыг ойлгож авснаар ажил бизнест маань их тус болж чадсанд маш их баяртай байна.”

   Цаашид Н. Энхбаясгалан авсан зээлээрээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, тоног төхөөрөмж, загвараа сайжруулан , орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж REACH Төслийн байнгын холбоотой хамтран ажиллаж байна.